Өнөөдрийн зурхай
Ubfocus

48 сая төгрөгийн хахуулийн хэрэг: Л.Бямбасүрэнгийн 13 жилийн ял хэвээр үлдлээ

Sarantsetseg
Author
October 5, 2026
2 min read
262 views
48 сая төгрөгийн хахуулийн хэрэг: Л.Бямбасүрэнгийн 13 жилийн ял хэвээр үлдлээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэн нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, түүнд анхан шатны шүүхээс оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хассан шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13, 14-нд Л.Бямбасүрэн болон бусад 10 хүнд холбогдох хэргийг хэлэлцсэн юм.

Шүүхээс Л.Бямбасүрэн болон бусад шүүгдэгчдийг албан тушаалын байдлаа ашиглан хувийн эмнэлгүүдээс хахууль авсан, өгсөн, мөн эрүүл мэндийн даатгалын сангаас хэвтэн эмчлүүлэгчийн тооноос давсан санхүүжилт олгосон зэрэг үйлдэлд буруутай гэж үзсэн байна.

Улмаар Л.Бямбасүрэн нарын гурван хүнд нийт 120 сая төгрөгийн хахууль авсан үйлдэлд 6-13 жилийн хорих ял оноосон бөгөөд Л.Бямбасүрэн 120 сая төгрөгийн 48 сая төгрөгийг ажилтныхаа дансаар дамжуулан авсан нь мөнгө угаах гэмт хэрэгт хамаарна гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

Ингэхдээ Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасах, мөн 50 сая төгрөгийг улсын төсөвт гаргуулах шийдвэр гаргасан юм.

Тус шийдвэрийг Л.Бямбасүрэн эс зөвшөөрч давж заалдсан. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх түүний гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Шүүхийн шийдвэрээр Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ял болон нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хассан шийтгэл өөрчлөгдөөгүй байна.

Related Stories

48 сая төгрөгийн хахуулийн хэрэг: Л.Бямбасүрэнгийн 13 жилийн ял хэвээр үлдлээ | Ubfocus