Өнөөдрийн зурхай
Ubfocus

Б.ЧИНБИЛИГ: БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХЭД АШИГЛАСАН МАШИН, ТЕХНИКИЙГ ХУРААЖ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОДОГ

Прокурорын байгууллагаас "Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй" нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа билээ. Тус арга хэмжээний хүрээнд ubfocus.mn Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Чинбилигтэй ярилцлаа
Sarantsetseg
Author
September 29, 2026
8 min read
701 views
Б.ЧИНБИЛИГ: БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХЭД АШИГЛАСАН МАШИН, ТЕХНИКИЙГ ХУРААЖ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОДОГ

За юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргээд, яриагаа Прокурорын байгууллагаас ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар эхлэх үү?

Мхн. Танд болон танай сайтын хамт олонд анхны цастай өдрийн мэндийг хүргэе. Байгаль эх өнгөө засаад дараагийн улиралдаа шилжин ороход бэлэн байна даа гэснээс /инээв.../ манай Прокурорын байгууллагаас яг энэ байгаль эх дэлхийтэйгээ холбоотойгоор Байгаль эх, ан амьтнаа хайрлан хамгаалах, тэдгээрийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх, нэгэнт учирсан хохирлыг барагдуулах, хурдан шуурхай шийдвэрлэх, хор уршгийг нөхөн төлүүлэх зорилгоор нэлээдгүй ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа.

Аан харин тийм байх, Хамгаалсан байгаль гээд нэг аян яваад байгааг харсан шүү? Тэр ажлынхаа талаар та дэлгэрүүлж мэдээлэл хүргээч...?

За, тэгэхээр гэнэт яагаад энэ Прокурорууд чинь байгалиа хамгаалъя гээд байна вэ гэсэн яриа, ойлголт үүссэн байж магадгүй.

Ер нь бол прокуророос байнга л хүний эрхийг ханган хамгаалж, хуулийг нэг мөр хэрэгжүүлж, хүний эрх зөрчигдөхөөс сэргийлж, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг шүү дээ, тэгээд тодорхой төрлийн гэмт хэргүүдэд хяналт тавин, тэдгээрийг шуурхай шийдвэрлэх, дахин гаргахгүй байхад анхаарч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, арга хэмжээ авч ажилласаар ирсэн, ажилласаар ч байгаа.

Тухайлбал, тодорхой төрлийн гэмт хэргүүдэд, жишээ нь хүрээлэн байгаа орчны буюу байгал орчны эсрэг гэмт хэрэг, хүүхэд хохирсон, холбогдсон хэрэг, цэргийн албаны эсрэг гэмт хэрэг ч гэдэг юм уу, энэ мэтээр тодорхой төрлийн хэргүүдэд дагнасан хяналт тавих прокурор томилж дагнан ажлуулдаг.

Энэ нь ч их үр дүнтэй, өөрөөр хэлбэл хүн аливаа нэг зүйлд дагнаад мэргэшээд ирэхээр яах вэ, тухайн зүйлдээ улам л мэргэшсэн, дадлага, туршлагатай болно. Түүний цаана, нөгөө л хүн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын эрх ашиг, эрх, эрх чөлөөг ханган хамгаалах, зөрчигдөхгүй байх зорилго яригдана.

Үүний адилаар Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг хянан, шүүхээр шийдвэрлүүлж, урьдчилан сэргийлж ажиллаж байгаа боловч энэ удаа тэр хийдэг ажлаа л эрчимжүүлсэн төдий шүү дээ.

Тэрнээс биш гэнэт нэг ажил анх удаа хийж буй зүйл биш юм шүү гэдгийг иргэд та бүхэн минь зөвөөр ойлгоно уу.

“Хамгаалсан байгаль бидний ирээдүй” гэсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах болсон шалтгаан эхлэлийг хэн тавьсан бэ?

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Монгол улсад хүргүүлсэн зөвлөмжийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолоор баталсан “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжүүдийг 2026-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах” ажлыг Улсын Ерөнхий Прокурорын газар хариуцан хэрэгжүүлэхээр тусгажээ. 

Үүний хүрээнд “Хамгаалсан байгаль бидний ирээдүй” гэсэн нөлөөллийн арга хэмжээг санаачлан зохион байгуулж эхэлсэн, олны танил хүмүүс ч нэгдэж, хувь хүн, аж ахуйн нэгжүүд ч нэгдэж, хамтран ажиллаж байх шиг байна.

Прокурорын байгууллагаас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг сүүлийн 5 жилийн байдлаар судлахад хүрээлэн байгаа орчны эсрэг 4105 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 2333 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.

Тэр нийт гэмт хэргийнх нь 41.1 хувийг Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, 31.4 хувийг Хууль бусаар ашигт малтмал олборлох, 11.1 хувийг Хууль бусаар ан агнах, 8 хувийг Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх төрлийн гэмт хэргүүд эзэлж байна.

            Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг нь газар нутгийн байршил, байгалийн нөөцийн тархалт, газар нутгийн онцлог, хүн амын төвлөрлөөс хамааран Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Улаанбаатар хотын хувьд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутагт дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байна.

            Баянзүрх дүүргийн тухайд бол манай дүүргийн Прокурорын газраас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг сүүлийн 3 жилийн байдлаар судлахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдсэн 41 хэрэг бүртгэгдэж, 26 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.

Тус дүүргийн нутагт үйлдэгдсэн энэ төрлийн гэмт хэргийн 19.5 хувийг  “Хууль бусаар ан агнах, 24.3 хувийг  “Хууль бусаар мод бэлтгэх” , 43.9 хувийг “Байгалийн ургамалыг хууль бусаар бэлтгэх”, 12 хувийг “Байгаль орчныг бохирдуулах”, “Хууль бусаар ашигт малтмал хайх”, “Ой хээрийн түймэр тавих” гэмт хэргүүд эзэлж байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар нутгаар нь авч үзвэл бусад аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж, тус дүүргийн нутаг дэвсгэрт тээвэрлэсэн 5 буюу 19.2 хувь, харин тус дүүргийн нутаг дэвсгэрт 21 буюу 80.7 хувь нь үйлдэгдсэн байна гэсэн тоо мэдээ гарсан байна.

            Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн энэ төрлийн гэмт хэргийг шүүхээс сүүлийн 3 жилд 26 хэргийн 42 хүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. 

Шүүхээс  оногдуулсан ялын төрлөөр нь авч үзвэл, 21.4 хувьд нь торгох ял, 50 хувьд нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан бол 28.5 зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан байна.  

Энэ төрлийн гэмт хэргийн улмаас нийт 655,485,654 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд үүнээс 149,846,070 төгрөгийн буюу 22.9 хувийг нөхөн төлсөн байна.

Дээрх 3 төрлийн гэмт хэргийн халдлагын зүйл болох цоохор ирвэс, булганы арьс, тул загас, алтайн хойлог шувууны бодгаль, хотон шувууны хошуу, 257 ширхэг сибирь шинэс мод, нийт 5191,6 кг хуш модны самар зэргийг тус тус хураан авч, зохих журмын дагуу шийдвэрлэжээ.

Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 11 тээврийн хэрэгсэл, буу, усны камер, өрөм, загасны уураг, хайрцаг, цахилгаан хөрөө 6 нэр төрлийн техник хэрэгслийг тус тус хурааж, улсын орлого болгосон байна.

Хүрээлэн буй орчины гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн, ашигласан машин техникийг хураадаг байх нь тийм үү?

Өө тэгэлгүй яах вэ, хуульд зааснаар хэрэглэж ашигласан тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө гэх зэргийг хураан авч улсын орлого болгодог байх нь байна шүү дээ.

Энэ дээр нэг асуулт байна, хүний машиныг аваад явж байгаад гэмт хэргээ үйлдсэн бол яах билээ, тухайн хүний, одоо жишээ нь тэр гэмт хэрэгт хамааралгүй хүний машиныг нь зүгээр гуйж авч яваад гэмт хэрэгт ашигласан бол яах юм бол, бас хураах уу?

Мммхн яг зөв асуулт, энэ тохиолдолд мэдээж тухайн тэр гэмгүй хүний, за мэдээж гэмтэй гэмгүйг нь өөрөөр хэлбэл буруутай буруугүйг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтооно, тэгээд хэрэв тухайн тээврийн хэрэгслийн, машины эзэн нь гэмт хэрэгт хамааралгүй хүн байх бол тэр тухайн машины зах зээлийн үнэлгээг эд хөрөнгийн үнэлгээний газраар гаргуулж, тухайн мөнгөн дүнг буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэнэ л гэсэн үг.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зөвхөн ял, эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй, байгаль экологи-амьтан, ургамлын аймагт учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлэн экологи эдийн засгийн үнэлгээг тооцон нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, техник хэрэгсэл болон тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгодог хуулийн зохицуулалттай.

             Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл нь иргэд, хуулийн этгээд ашиг олох зорилгоор байгалийн баялгийг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглах, амьтан, ургамлын экологийн ач холбогдол болон хууль, эрхзүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байдал нөлөөлж байна гэж үзсэн.

            Тиймээс л бид бүхэн иргэд та бүхэндээ мэдээлэл хүргэж, иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх, ухамсарлуулах, ойлгуулах, аливаа үйлийн учир холбогдол, үр нөлөө, гарах үр дүнгийн талаар тайлбарлан таниулахаар ажиллаж байгаа юм шүү дээ. 

          Бид ч гэсэн маш олон зүйл шинээр мэдэж авч байна, тухайлбал, би гэхэд л мод хаана хэрхэн тарих, мод яаж чийгээ авдаг, тариад ургадаг ургадаггүй газар байдаг гэх мэтээр маш олон шинэ зүйл мэдэж, мэдлэг мэдээллээ дээшлүүлж л явна /инээв.../ тэгээд тэр мэдсэн сурсан зүйлээ бусдадаа түгээж, бусдадаа эергээр нөлөөлж явахыг л хичээж байна даа.

Таныг ингээд харахад байнга инээсэн, инээмсэглэсэн, чанга чанга инээсэн их цоглог хүн байх шиг санагдлаа. Танай ажлыг чинь ачаалалтай их хэцүү гэж л ярьдаг даа, яаж тэр их стрессийн хажуугаар ингэж цоглог явж, яаж срессээ тайлж байна вэ?

/чангаар инээв.../ Тийм ээ үнэн, би энд тэнд бас хэлж ярьж, бичиж л явдаг хүний нэг, ажил мэргэжлээс прокурор, эмч, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч гээд бусдаасаа илүү хэцүү, ачаалалтай, хүнд, ярвигтай ажил мэргэжлийн онцлог байна. Үүнээс миний сайн мэдэхээр бол Цагдаа, Прокурорын ажил бол бүр маш хэцүү, хүнд гэдгийг хэлмээр байна. Тэгсэн мөртлөө байнга л хардлага сэрдлэг, муу нэртэй байх нь элбэг байх юм даа. Харамсалтай. Бид чинь хүн шүү дээ ялгаагүй л мах цуснаас бүтдэг, зүрх сэтгэл, хайр дурлал, гэр бүл, ээж аавтай, ядардаг зовдог, баярладаг гомддог.

            Гэлээ гээд бид ядарлаа гээд..., гомдлоо гээд..., залхуу хүрлээ, өвдлөө гээд ч бид бүр унаад өгдөггүй л юм бол ажлаа хийсээр л байдаг. Шөнө өдөр, өглөө орой, амралтын өдөр, баярын өдөр гээд бүхий л цаг хугацаанд, ихэнхдээ л ажиллаж байдаг, ялангуяа цагдаа нар маань, миний мөрдөгч нар хэзээ амардаг гэдгийг би л лав хамт, ойр ажилладаг байж мэддэггүй шүү. /гээд инээв.../

            Тэгэхээр таны асуулт руу эргээд ороход, би жишээ нь “Би чинь муу тал биш, сайн тал шүү дээ, би чинь муугийн эсрэг зогсож, бусдыг хамгаалж, сайн юм хийдэг хүн шүү дээ” гэж боддог доо. Тэгээд ядарч, өвдсөн байлаа ч за би энийг хийх ёстой, би хийхгүй бол би очихгүй бол тэр хохирогч, тэр гэрч, тэр гэмт хэрэг хийсэн ч байлаа гэсэн тэр сэжигтэн, яллагдагчийн эрх зөрчигдөх эрсдэл үүсэж байгаа учир би ажлаа хийж, хэргээ шийдвэрлэж байж санаа амарна даа. Тэдний ар гэрийнхэн байна, ингээд л маш олон асуудал байна өө яриад байвал.

            Би албаараа бахархдаг, прокурор, мөрдөгч нараараа бахархдаг...

За танд маш их баярлалаа, бидэнд ажлынхаа талаар, “Хамгаалсан байгаль бидний ирээдүй” арга хэмжээний талаар товч мэдээлэл өгсөнд баярлалаа.

Таны хэлдгээр яриад суувал их л юм байгаа байх л даа, тантай ярилцаж байхад таны нүүрний хувирал, энэ инээмсэглэл, бас их сериоз, төвлөрсөн төрх, хувирал надад их анзаарагдлаа. Бүр ярианд чинь автчихлаа шүү хэхэ.

Хэхэ, за баярлалаа, хувь хүний онцлог гэж мэдээж бий, тэгээд түүн дээр мэргэжлийн онцлог, сурсан мэдсэн дадал, зуршил, арга барил, хэлбэр гээд зүйлс байдаг л байхдаа.

Танд дахин баярлалаа, бидний ажлыг дэмжиж, урьж ярилцлага авч, мэдээлэл түгээх үйлсэд тань гялаалаа. Амжилт сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

За баярлалаа, танд амжилт хүсье. Өнөөдрийн ярилцлагаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Чинбилигтэй ярилцлаа. Уншигч та бүхэн дараах QR уншуулан БЗД-ийн сошиал хаягт нэгдээрэй.

Т.Саранцэцэг

           

Related Stories