Боловсролын сайдын 2026 оны А/119 дүгээр тушаалаар хувийн сургуулиудын сургалтын төлбөртэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй болгох шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ.
Шинэ журмаар сургалтын төлбөр болон нэмэлт хураамжид өөрчлөлт оруулах бол үндэслэл, тооцооллоо хичээлийн жил эхлэхээс өмнө эцэг эхчүүдэд танилцуулах, цахим хуудас болон мэдээллийн системээр нээлттэй мэдээлэхээр болжээ.
Мөн сурагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөр нь сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан байна.
Түүнчлэн төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжийг гэрээгээр шийдэх, сургууль шилжих болон сургуулиас гарах үед төлбөр буцаан олгох нөхцөлийг тодорхой тусгах, албан бус нэмэлт төлбөр, хандив шаардахыг хоригложээ.
Албаныхны мэдээлснээр энэхүү зохицуулалт нь хувийн сургуулиудын төлбөр тогтоох эрхэд хязгаарлалт хийхгүй бөгөөд харин эцэг эх, асран хамгаалагчдад мэдээллийг илүү ойлгомжтой, нээлттэй хүргэхэд чиглэж байгаа аж.







