Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Ц.Хосбаярын спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг есдүгээр сарын 2-ны өдрөөс урьдчилан түдгэлзүүлсэн талаар мэдээллээ.
Ц.Хосбаярыг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр хилээр нэвтрүүлж, бусдад худалдсан гэм буруутайд шүүхээс тооцож, 5.4 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.
Түүнчлэн хураагдсан 28 нэр төрлийн эмийг устгахаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс 2026 оны тавдугаар сарын 6-нд шийдвэрлэжээ.
Уг хэргийг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас тамирчдад Дэлхийн допингийн эсрэг байгууллагын 2025 оны хориглосон жагсаалтад багтсан бодисыг худалдсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн, холбогдох нотлох баримт, гэрчийн мэдүүлгийн хамт хууль сахиулах байгууллагад шилжүүлснээр шалгаж эхэлсэн байна.
Гэхдээ шүүхийн шийдвэрээр Ц.Хосбаярын эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд допингийн эсрэг дүрэм зөрчсөн эсэх болон спортын үр дагаврыг тусдаа журмаар шийдвэрлэхээр зохицуулжээ.
Иймээс Допингийн эсрэг үндэсний байгууллага шүүхийн шийдвэр, өмнө нь цуглуулсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн Ц.Хосбаярт допингийн эсрэг дүрмийн болзошгүй зөрчлийн талаар анхны мэдэгдэл хүргүүлсэн байна.
Урьдчилан түдгэлзүүлсэн хугацаанд тэрбээр допингийн эсрэг үндэсний дүрэмд хамаарах тэмцээн, уралдаан болон бусад спортын үйл ажиллагаанд оролцох, тамирчин дасгалжуулах, зөвлөгөө өгөх, спортын байгууллагад албан тушаал, чиг үүрэг хэрэгжүүлэх боломжгүй юм.
Харин Ц.Хосбаяр нь өөрт холбогдох нөхцөл байдлын талаар тайлбар, нотлох баримт гаргах, хэрэгт хамаарах материалтай танилцах, өмгөөлөгч авах, урьдчилан түдгэлзүүлсэн шийдвэрийг хянуулах болон анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх эрхтэй аж.
Допингийн эсрэг байгууллага уг хэргийг үндэсний дүрэм болон холбогдох олон улсын стандартын дагуу үргэлжлүүлэн хянан шийдвэрлэж, эцсийн шийдвэр гарсны дараа олон нийтэд мэдээлнэ гэж мэдэгдлээ.





