Хоёр зуу гаруй жилийн турш тайлагдаагүй байсан Наполеоны үеийн цэргийн нууц захидлыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар тайлсан байна. Уг баримт нь 1809 онд бичигдсэн бөгөөд Францын цэргийн хүчний байрлал, цэргийн хөдөлгөөний талаарх мэдээллийг агуулжээ.
Кибер аюулгүй байдлын SentinelOne компанийн хиймэл оюун ухааны инженер Картер Черч GPT-6 Astra загварыг ашиглан захидлын шифрийг тайлсан бөгөөд ажил зургаан цаг орчим үргэлжилсэн байна.
Захидал нь Наполеон Бонапартын дагавар хүү, Италийн захирагч Эжен де Богарнегийн төв штабаас Францын генерал Огюст де Мармонд илгээсэн цэргийн мэдээ байжээ. Наполеон 1809 оны гуравдугаар сарын 16-нд уг мэдээллийг нууц кодоор бичиж, найдвартай элчээр хүргүүлэхийг даалгасан байна.
Баримтад Франц болон холбоотон хүчний байрлал, цэргийн тоо хэмжээний тухай мэдээлэл багтжээ. Тухайлбал, Фриулийн армийн бүрэлдэхүүн 80 мянган цэрэгтэй гэж дурдсан бөгөөд Австри улстай дайн эхлэхийн өмнөх үеийн цэргийн нөхцөл байдлыг тайлбарласан байна.
Хиймэл оюун ухаан зөвхөн тэмдэгтүүдийг уншаад зогсохгүй, гар бичмэлийн ижил тэмдэгтүүдийг ялган таних, нууц кодын бүтцийг шинжлэх, түүхэн баримттай тулган шалгах үйл явцад ашиглагджээ. Судлаачид өмнө нь уг захидлын агуулгыг сэргээн тогтоохоор олон удаа оролдсон ч бүрэн тайллыг нийтэлж байгаагүй аж.
Түүхэн шифр тайлах чиглэлээр ажилладаг судлаач Сатоши Томокиёо уг шийдлийг хянаж, тайлагдсан гэж бүртгэсэн байна. Энэхүү тохиолдол нь хиймэл оюун ухааныг хуучны гар бичмэл, нууц код болон уншихад хүндрэлтэй түүхэн баримтыг судлахад ашиглах боломжийг харуулжээ.
Эх сурвалж: Euronews





