Цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд боловсрол, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хомсдлыг бууруулахад чиглэсэн шинэ зохицуулалтуудыг тусгахаар боловсруулж байна.
Тодруулбал, алслагдсан болон хөдөө орон нутагт багш, эмч зэрэг нийгэмд зайлшгүй шаардлагатай мэргэжлээр ажиллаж буй иргэдийг дэмжих зорилгоор тухайн салбарт тасралтгүй гурван жил ажилласан хугацааг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Энэхүү зохицуулалт хэрэгжсэнээр залуу мэргэжилтнүүдийг орон нутагт ажиллахыг дэмжих, боловсрол болон эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн дутагдлыг бууруулах, нийгмийн ач холбогдолтой хөдөлмөрийг үнэлэх боломж бүрдэх юм.
Мөн уг өөрчлөлт нь иргэдийг цэргийн алба хаах үүргээ нийгэмд шаардлагатай хөдөлмөрөөр орлуулан биелүүлэх нөхцөлийг өргөжүүлж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад чиглэж байгаагаараа онцлогтой байна.





