Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн болон Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар сургууль, цэцэрлэгт түшиглэсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлжээ. Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэх юм.
Аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 нь үзлэгт хамрагдаж, хамрагдалт 40.4 хувьд хүрсэн байна.
Эрт илрүүлгийн үзлэгт гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байгаа аж. Ингэснээр эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээнд холбон, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар нийслэлийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгийн зохион байгуулалт, явцтай танилцжээ.





