Холливудын жүжигчин, байгаль хамгаалагч Леонардо ДиКаприо болон дэлхийн тэргүүлэх бизнес эрхлэгчдийн нэг Жефф Безос нарын дэмжлэгтэйгээр 200 сая ам.долларын санхүүжилттэй "Phoenix Species Project" албан ёсоор эхэллээ. Энэхүү санаачилга нь устах аюулд хамгийн их өртөөд буй 100 зүйл амьтан, ургамлыг аврахад чиглэсэн дэлхийн хамгийн том хэмжээний тусгай санхүүжилтийн нэгээр нэрлэгдэж байна.
Төслийг ДиКаприогийн хамтран үүсгэн байгуулсан "Re:wild" байгууллага болон "Bezos Earth Fund" хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд хамгааллын ажил 30 гаруй улсад өрнөх юм. Санхүүжилт нь зөвхөн нэг удаагийн тусламж бус, тухайн зүйл амьтныг сэргээн хамгаалах урт хугацааны үйл ажиллагааг дэмжих зорилготой аж. Нэн ховор 100 зүйлийг хамгаалахаар болжээ.
Төсөлд дэлхийн хамгийн эмзэг байдалд орсон олон амьтан, ургамал багтжээ. Тухайлбал:
Малайн панголин
Мадагаскарын алт титэмт сифака лемур
АНУ-ын Хойд Каролина мужийн Hickory Nut Gorge ногоон саламандр
Галапагосын ягаан газрын игуана
Шинэ Гвинейн Аттенборогийн урт хошуут эхидна
Мөн нэн ховор шувуу, загас, мөлхөгч, ургамлын төрөл зүйлүүд хамгаалалтад хамрагдана.
"Phoenix Species Project" нь зөвхөн санхүүжилт олгохоос гадна тухайн бүс нутгийн эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчид, уугуул иргэд, орон нутгийн хамт олонтой хамтран ажиллах онцлогтой.
Төслийн хүрээнд:
Амьдрах орчныг сэргээх
Түрэмгий гаднын зүйлүүдийг хянах
Өвчний тархалтыг бууруулах
Үржүүлгийн болон сэргээн нутагшуулах хөтөлбөр хэрэгжүүлэх
Урт хугацааны мониторинг хийх зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
ДиКаприо "Нэг зүйл устах нь бүх экосистемд нөлөөлдөг" гэжээ.
Леонардо ДиКаприо төслийн талаар "Бид зөвхөн нэг амьтныг бус, түүнтэй хамт оршдог бүх экосистемийг хамгаалж байна. Биологийн олон янз байдлыг алдах нь дэлхийн тогтвортой ирээдүйд хамгийн том заналхийллийн нэг" хэмээн онцолжээ.
Жефф Безосын эхнэр, сэтгүүлч Лорен Санчес Безос ч мөн "Зарим зүйл амьтан зөвхөн устахаас сэргийлэх бус, тоо толгойг нь бодитоор сэргээх цаг ирсэн" гэж мэдэгдсэн байна.
Байгаль хамгааллын байгууллагуудын үзэж буйгаар "Phoenix Species Project" нь нэн ховор зүйлүүдийг сэргээхэд зориулсан хамгийн том хэмжээний нэг удаагийн санхүүжилт бөгөөд дэлхий даяарх биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагаанд шинэ жишиг тогтоохоор байна. Төсөл нь дэлхийн хэмжээнд байгаль хамгааллын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бусад байгууллагыг хамтран ажиллахыг уриалах зорилготой юм.
Эх сурвалж: Associated Press (AP) – Leonardo DiCaprio and Jeff Bezos lead $200M project to save 100 of globe's most threatened species.





