Сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэд БНСУ-ын Инчон, Пусан хотоос эхлэн БНХАУ, Япон болон Зүүн өмнөд Азийн орнуудыг дамжин аялах урт хугацааны далайн хөлөг онгоцны аялалд олноор хамрагдах болсон байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас аялалд оролцохоор төлөвлөж буй иргэдэд хандан виз болон хил нэвтрэхтэй холбоотой шаардлагуудыг урьдчилан сайтар нягтлахыг зөвлөжээ.
Элчин сайдын яамны мэдээлснээр, аяллын маршрут болон хөтөлбөрөөс хамааран дамжин өнгөрөх болон түр хугацаагаар саатах улс орнуудын визийн шаардлага харилцан адилгүй байдаг тул зорчигчид аялалд гарахаасаа өмнө бүх улсын визийн нөхцөлийг нарийвчлан шалгах шаардлагатай аж.
Тухайлбал, иргэд паспортын хүчинтэй хугацаа дор хаяж зургаан сараас дээш байх, аяллын маршрутад багтсан улс орон бүрийн визийн шаардлагыг урьдчилан судалж, шаардлагатай визээ бүрдүүлсэн байхыг анхааруулжээ.
Мөн далайн аяллын дараа БНСУ-д дахин нэвтрэх шаардлагатай тохиолдолд тухайн зорилгод тохирсон хүчинтэй визтэй байх хэрэгтэйг онцолсон байна. Үүнд нэг удаагийн (Single Entry), хоёр удаагийн (Double Entry) болон олон удаагийн (Multi Entry) визийн нөхцөл хамаарах юм.
Түүнчлэн аяллын явцад хөлөг онгоц тодорхой улсын боомтод түр зогсож, зорчигчид эрэг дээр буух нь тухайн улсын хилээр нэвтэрсэнд тооцогдож, виз ашиглагдсан гэж үзэх боломжтойг сануулжээ.
Иргэд мөн БНСУ-д буцаж ирэхдээ нислэгийн буцах тасалбар, аяллын хөтөлбөр, зочид буудлын захиалга зэрэг аяллын зорилгоо нотлох баримт бичгийг биедээ авч явах, хил, цагаачлалын байгууллагад өгч буй мэдээлэл нь виз мэдүүлгийн мэдээлэлтэйгээ бүрэн нийцэж байх шаардлагатайг дурдсан байна.
Түүнчлэн өмнө нь БНСУ-ын виз, цагаачлалын хууль тогтоомж зөрчсөн, эсвэл хил дээрээс буцаагдаж байсан иргэдийг хилээр нэвтрүүлэхээс татгалзах эрсдэлтэйг анхааруулжээ.
Хэрэв хилээр нэвтрүүлэхээс татгалзсан тохиолдолд тухайн иргэн БНСУ-ын эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу дараагийн улс, боомт руу өөрийн зардлаар зорчих шаардлага үүсэх тул аяллын өмнө визийн нөхцөл, хил нэвтрэх журмыг сайтар судалж, эрсдэлийн даатгалд хамрагдан, шаардлагатай бэлтгэлээ бүрэн хангахыг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам зөвлөж байна.





