Италийн нийслэл Ром хотод болсон пара таеквондогийн Гранпри тэмцээнд 29 орны 111 тамирчин оролцож, ур чадвараа сорин өрсөлджээ.
Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав мөн хүрэл медалийн эзэн болсон байна.
Ийнхүү Монголын пара таеквондогийн шигшээ баг олон улсын чанартай ээлжит тэмцээнээс медаль хүртэж, амжилтын буухиагаа үргэлжлүүллээ.
Тамирчид Улаанбаатар хотноо саяхан зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, багийн дүнгээр түрүүлээд байсан юм. Улмаар ердөө 10 хоногийн дотор Азийн аварга болон Гранпри зэрэг хоёр томоохон олон улсын тэмцээнээс алт, хүрэл медаль хүртсэн өндөр амжилтыг үзүүлжээ.
Спортын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Монголын пара таеквондогийн шигшээ баг сүүлийн жилүүдэд тогтмол ахиц гаргаж, дэлхийн түвшний өрсөлдөөнд байр сууриа бататгаж байгааг энэхүү амжилт харуулж байна.





