Монгол Улсын гавьяат тамирчин М.Нандинцэцэг сонирхогчийн боксын замналаа өндөрлүүлж, цаашид мэргэжлийн бокст хүч сорихоо албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр өнгөрсөн сарын хугацаанд АНУ-ын Оклахома мужийн Тулса хотод зохион байгуулагдсан сонирхогчийн боксын Америкийн аварга шалгаруулах “Golden Gloves” тэмцээний эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд өрсөлдөн түрүүлж, алтан бүсний эзэн болсон юм.
Энэхүү амжилтынхаа дараа М.Нандинцэцэг дахин сонирхогчийн боксын тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдэж, энэ мөчөөс эхлэн мэргэжлийн боксын тулаанд бэлтгэж эхэлснээ онцолжээ.
Тэрбээр 2005 оноос боксын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд Монгол Улсын 11 удаагийн аварга болсон амжилттай. Үүнээс гадна дэлхийн цомын мөнгөн медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээний нэг мөнгө, гурван хүрэл, Азийн наадмын хүрэл, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртэж байсан Монголын шилдэг боксчдын нэг юм.
Ийнхүү олон жилийн турш сонирхогчийн бокст өндөр амжилт үзүүлсэн М.Нандинцэцэг шинэ замналаа мэргэжлийн рингээс эхлүүлэхээр болж байна.





