Нэхэмжлэгч “ГБ” ХК нь хариуцагч С.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,165,758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн тайлбарласнаар, 2016 оны 12 дугаар сарын 6-нд Ц.М-тэй зээлийн гэрээ байгуулж, 10.6 сая төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй олгосон байна. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 14-нд гэрээнд өөрчлөлт оруулж, 7 сая төгрөг нэмж олгосноор зээлийн хугацааг 48 сар болгон өөрчилж, зээлийн үлдэгдэл 14,744,923 төгрөг болсон аж.
Зээлдэгч зээлийн төлөлтөө хийгээгүй тул банк шүүхэд хандаж, эрэн сурвалжлуулах ажиллагаа явуулсан бөгөөд Ц.М нь 2019 оны 11 дүгээр сарын 25-нд нас барсан болохыг тогтоосон байна. Банк 2024 оны 12 дугаар сарын 28-ны байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт 17,165,758 төгрөгийг түүний хамтран амьдрагч С.О-оос гаргуулахаар шаарджээ.
Харин хариуцагч С.О нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Ц.М-тэй 2010-2018 онд хамт амьдарсан боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй, дундаасаа хүүхэдгүй, хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөгүй, зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцоогүй, мөн ямар нэгэн өв хүлээн аваагүй тул зээлийн өрийг төлөх үндэслэлгүй гэж маргасан байна.





