Өнөөдрийн зурхай
Ubfocus

Өнөөдөр Ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр тохиож байна

Sarantsetseg
Author
June 16, 2026
2 min read
187 views
Өнөөдөр Ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр тохиож байна

Өнөөдөр Монголын театрын урлагийн нэрт төлөөлөгч, Монгол Улсын гавьяат жүжигчин Самбуугийн Сарантуяагийн төрсөн өдөр тохиож байна.

С.Сарантуяа 1959 оны зургаадугаар сарын 16-ны өдөр төрсөн. Тэрбээр 1966-1976 онд нийслэлийн 16 дугаар дунд сургуульд суралцаж төгсөөд, 1976-1980 онд тухайн үеийн Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангид нэрт багш Х.Хайнзан, Б.Мөнхдорж нарын удирдлага дор суралцан жүжигчний мэргэжил эзэмшжээ.

1980 оноос хойш Улсын драмын эрдмийн театрт ажиллаж, Монголын тайзны урлагийн хөгжлийн түүхэнд өөрийн гэсэн тод мөрийг үлдээсэн уран бүтээлчдийн нэг болсон юм.

Тэрбээр уран бүтээлийн хугацаанд “Ширүүн тулааны өмнөхөн”-ий Бурмаа, “Эмч нар”-ын Бүрнээ, “Чи хэн бэ?” жүжгийн Рита, “Байцаагч түшмэл”-ийн Мария Антоновна, “Тэмүжин”-ий Өэлүн эх, “Эдип”-ийн Иокаста хатан, “Ану хатан”-ы Юм-Агас хатан, “Оролмаа эх”-ийн Оролмаа, “Анна Каренина”-гийн Вронская хатагтай зэрэг олон арван гол болон туслах дүрийг бүтээжээ.

Мөн “Ромео, Жульетта”, “Цахлай”, “Садар эрийг номхотгосон нь”, “Хар санаа хайр сэтгэл”, “Хүйтэн сэнтий”, “Саран хөхөө”, “Аянгат бороо”, “Бүүвэй”, “Адууны түүх”, “Тал нутаг” зэрэг Монгол болон дэлхийн сонгодог бүтээлүүдэд амжилттай ажилласан байна.

Түүний хөдөлмөр, авьяас чадварыг төр, мэргэжлийн байгууллагууд өндрөөр үнэлж, 1996 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнажээ.

Түүнчлэн:

• 2005 онд “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Мильфордын дүрээр “Гэгээн Муза II” наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал
• 2009 онд “Эдип” жүжгийн Иокаста хатны дүрээр “Гэгээн Муза VI” наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал
• 2010 онд “Аянгат бороо” жүжгийн Ши Пиний дүрээр “Гэгээн Муза VII” наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал
• 2011 онд Монгол Улсын Ардын жүжигчин цол
• 2012 онд БСШУЯ-ны “Мөнгөн мод” шагналын “Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин” өргөмжлөл
• 2012 онд “Оролмаа эх” жүжгийн дүрээр “Гэгээн Муза IX” наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн юм.

Тайзны урлагт амьдралаа зориулж, олон үеийн үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүрүүдийг бүтээсэн Ардын жүжигчин С.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Related Stories

Өнөөдөр Ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр тохиож байна | Ubfocus