ИХ-ын Хүний эрхийн дэд хороо Кристина Ноблийн Хүүхдийн сантай хамтран “Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал шударга ёсны тогтолцоог хүүхэд төвтэй болгоход төрийн болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.

Тэрбээр Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдаж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсан бөгөөд уг хуульд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчим туссаныг тэмдэглэсэн байна.

Мөн УИХ-аас хууль батлаад зогсохгүй хэрэгжилтийг нь хангахад анхаарч байгаа бөгөөд энэ хүрээнд анх удаа хуулийн хэрэгжилтийг хянах байнгын ажлын хэсгийг Улсын дээд шүүхийн дэргэд байгуулсан талаар мэдээлэв.
Хэлэлцүүлгээр өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн шинэчлэл, хүүхдийн бодит нөхцөл, нийгэмшил, хүүхэд хамгаалал, гэр бүлийн дэмжлэг, хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцооны хяналт, хууль зүйн туслалцаа зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Хэлэлцүүлгийн үр дүнд “Хуулиас хэрэгжилт рүү: 2026-2027 оны нэн тэргүүний арга хэмжээ”-г тодорхойлж, байгууллага тус бүрийн хэрэгжүүлэх ажил болон хамтын ажиллагааны талаар тохиролцсон байна.








