Орон сууцны захиалгын залиланд өртсөн иргэдийн эрхийг хамгаалах, хохирлыг барагдуулах чиглэлээр байгуулсан ажлын хэсэг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хуралдаж, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх болон хууль бус хөрөнгийг битүүмжлэх асуудлыг хэлэлцлээ.

Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр, 2024-2026 оны хооронд "орон сууцны захиалга" нэрээр бусдыг залилсан 2008 хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эдгээр хэргийн улмаас 3613 иргэн нийт 118.2 тэрбум төгрөгийн хохирол амссан бөгөөд одоогоор 282 хэрэг шалгагдаж байгаа аж.
Мөн захиалгын гэрээгээр 2918 иргэнийг 53.3 тэрбум төгрөгөөр хохироосон 114 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Хохирлыг барагдуулах хүрээнд прокурорын зөвшөөрлөөр 35 үл хөдлөх хөрөнгө, 70-90 хувийн гүйцэтгэлтэй дөрвөн блок барилга, 178 айлын амины орон сууц, үйлчилгээний зориулалттай 2974 ам метр талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, хамгаалалтын арга хэмжээ аваад байгааг ЦЕГ-ын дарга Ж.Болд танилцуулжээ.

Хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан дараах чиглэлийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Үүнд:
Олон хохирогчтой, их хэмжээний хохиролтой орон сууцны залилангийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх;
Хэрэгт холбогдсон этгээдүүдийн нуугдмал хөрөнгийг илрүүлж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг тогтоон шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, битүүмжлэх;
Цагдаа, прокурорын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах;
Шүүх шинжилгээ, аудит, хөрөнгийн үнэлгээний байгууллагуудтай хамтран шинжээчийн дүгнэлтийг шуурхай гаргах;
Иргэдийг ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг тогтмол хүргэх.
Мөн үйл ажиллагаа нь зогсож, барилгын төслөө дуусгаж чадаагүй аж ахуйн нэгжүүдтэй төр хамтран ажиллаж, хохирлыг барагдуулах боломжит гарц, шийдлийг эрэлхийлэхээ илэрхийлсэн байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан энэ үеэр хэлэхдээ, шалгалтад хамрагдсан 44 аж ахуйн нэгжийн 52 орон сууцны төсөлд 2-7 жилийн хугацаанд үргэлжилсэн хохирлын асуудал илэрсэн бөгөөд олон тохиолдолд төслийн санхүүжилт, газрын маргаан, хууль зүйн хүндрэлээс шалтгаалан барилгын ажил зогссон болохыг онцоллоо.
Тэрбээр цаашид барилгын төсөл эхлэх үед урьдчилгаа төлбөр авах асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулах, мөн хохирогчдын эрхийг хамгаалах зохицуулалтыг шинэ хуульд тусгахаар ажиллаж байгааг мэдэгдэв.
Хуралдааны төгсгөлд С.Амарсайхан сайд шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байгаа 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийг үнэлж, нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах ажиллагааг эрчимжүүлэх, мөн дуусаагүй барилгад урьдчилсан зөвшөөрөл, гэрчилгээ олгохгүй байх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллана гэдгээ онцоллоо.





