АНУ-ын Төрийн департамент бизнес (B-1) болон жуулчны (B-2) виз мэдүүлэгчдээс авах буцаан олгогдох барьцааны (visa bond) хөтөлбөрийг байнгын журам болгож, барьцааны дээд хэмжээг 20 мянган ам.доллар болгон нэмэгдүүлжээ. Шинэ журам 2026 оны наймдугаар сарын 3-наас хэрэгжиж эхэлнэ.
Энэхүү хөтөлбөр нь бүх улсын иргэдэд хамаарахгүй бөгөөд визийн хугацаа хэтрүүлэн оршин суух эрсдэл өндөртэй гэж үнэлэгдсэн 50 улсын иргэдэд үйлчилнэ. Өмнө нь хэрэгжүүлж байсан туршилтын хөтөлбөрийн хүрээнд барьцааны хэмжээ 5,000, 10,000, 15,000 ам.долларын сонголттой байсан бол шинэ журмаар 5,000 ам.долларын ангиллыг хасаж, дээд хэмжээг 20,000 ам.доллар болгон өсгөсөн байна.
Уг барьцаа нь визийн хураамж биш бөгөөд АНУ-д зорчих хугацаандаа визийн нөхцөлийг мөрдөж, хугацаандаа эх орондоо буцсан тохиолдолд мөнгийг буцаан олгоно. Харин визийн нөхцөл зөрчиж, зөвшөөрөгдсөн хугацаанаас хэтэрсэн бол барьцааг улсын орлого болгох зохицуулалттай юм.
АНУ-ын эрх баригчид энэхүү арга хэмжээ нь визийн хугацаа хэтрүүлэн оршин суух зөрчлийг бууруулах зорилготой гэж тайлбарлаж байгаа бол хүний эрхийн болон цагаачлалын чиглэлийн байгууллагууд уг бодлого нь хууль ёсны аялагчдад санхүүгийн дарамт учруулж, ялангуяа Африкийн орнуудын иргэдэд илүү ихээр нөлөөлнө хэмээн шүүмжилж байна.
эх сурвалж: reuters





