Боловсролын салбарт эх оронч үзэл, үндэсний үнэт зүйлсийг төлөвшүүлэх зорилгоор сургалтын бүх шатанд цэрэг-эх оронч хүмүүжлийн агуулгыг тусгах ажлыг эхлүүлээд байна.
Тодруулбал, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд “Миний эх орон” сэдвээр дамжуулан эх оронч хүмүүжлийн анхан шатны ойлголт, хандлагыг төлөвшүүлэхээр төлөвлөжээ. Харин бага боловсролын түвшинд “Хүндлэхүйн ухаан”, иргэний ёс зүй, зөв төлөвшил, үндэсний үнэт зүйлсийн агуулгыг нэмэгдүүлэх юм.
Мөн суурь боловсролын сургалтын хөтөлбөрт “Монгол цэргийн түүх” хичээлийг тусгаж, эх орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг олгохоор ажиллаж байна.
Ахлах ангийн сурагчдад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагааг таниулж, иргэний үүрэг, хариуцлагын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн өмнө нь хэрэгжиж байсан “Цэрэг-иргэний хамгаалалтын бэлтгэл” буюу цэрэгжилтийн хичээлийг шинэчлэн боловсруулж, орчин үеийн агуулга, стандартад нийцүүлэн сургалтын хөтөлбөрт дахин оруулахаар ажиллаж байгаа аж.





