Netflix-ийн энэ оны хамгийн их яригдаж буй Солонгос драмуудын нэг болох “Teach You a Lesson” цацагдаж эхэлснээсээ хойш үзэгчдийн анхаарлыг татаж, өндөр үнэлгээ аваад байна.
IMDb платформ дээр тус цуврал одоогийн байдлаар 8.7/10 үнэлгээтэй байгаа нь 2026 онд нээлтээ хийсэн Солонгос драмуудын дундаас өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
“Teach You a Lesson” нь боловсролын тогтолцоо, сургуулийн хүчирхийлэл, багшийн эрх, сурагчдын хүмүүжил зэрэг нийгмийн эмзэг асуудлыг хөндсөн бүтээл юм. Цувралын үйл явдал нь сургуулиудад үүссэн зөрчил, дээрэлхэлттэй тэмцэх зорилгоор байгуулагдсан тусгай байгууллагын ажилтнуудын тухай өгүүлдэг.

Гол дүрүүдэд Солонгосын нэрт жүжигчид болох Kim Mu-yeol, Lee Sung-min, Jin Ki-joo нар тоглосон бөгөөд тэдний жүжиглэлт үзэгчдээс эерэг үнэлгээ авч байгаа юм.
Шүүмжлэгчдийн үзэж буйгаар тус бүтээл нь зөвхөн сургуулийн хүчирхийллийн тухай өгүүлэхээс гадна боловсролын тогтолцооны тулгамдсан асуудлыг хөндөж, нийгмийн шүүмжлэл, экшн төрлийг амжилттай хослуулжээ. Зарим хэвлэлүүд “2026 оны хамгийн сонирхолтой, шилдэг драмуудын нэг” хэмээн онцолсон байна.

Анх алдарт вебтүүнээс сэдэвлэн бүтээсэн энэхүү цуврал нь хүчирхийлэл болон хүмүүжлийн талаарх маргаантай сэдвийг хөндсөнөөрөө нээлтийн өмнөөс олны анхаарлыг татаж байсан ч цацагдаж эхэлснээс хойш үзэгчдийн сонирхлыг улам бүр нэмэгдүүлж байна.
Одоогийн байдлаар “Teach You a Lesson” нь Netflix-ийн олон улсын үзэгчдийн дунд хамгийн их хэлэлцэгдэж буй Солонгос драмуудын нэг болоод байгаа бөгөөд сургуулийн сэдэвт драм сонирхогчдын заавал үзэх бүтээлээр нэрлэгдэж эхэлжээ.





