Өнөөдрийн зурхай
Ubfocus

Тавантолгойн нэгдсэн ТЭЗҮ батлагдаж, 261.3 их наяд төгрөгийн төсвийн орлого төвлөрүүлэхээр тооцжээ

Sarantsetseg
Author
July 17, 2026
2 min read
152 views
Тавантолгойн нэгдсэн ТЭЗҮ батлагдаж, 261.3 их наяд төгрөгийн төсвийн орлого төвлөрүүлэхээр тооцжээ

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар 2026 оны долдугаар сарын 9-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Цанхи, Бортээг, Оорцогийн хэсгийн нөөцийг ил аргаар ашиглах нэгдсэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг баталлаа.

Энэхүү ТЭЗҮ нь Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх, олборлолтыг нэгдсэн төлөвлөлтөөр хэрэгжүүлэх, техник, технологийн оновчтой шийдлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой баримт бичиг болж байна.

ТЭЗҮ батлагдсанаар уурхайн ашиглалтын зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг өсгөхөөс гадна ордын ашиглалтын үе шат, дэд бүтэц, дагалдах үйлдвэрлэлийн хөгжлийг уялдуулан төлөвлөх боломж бүрдэж байгаа юм.

Мөн өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, нүүрсний экспортын зах зээлийн төлөв, цаашид хэрэгжих дэд бүтцийн төслүүдийг харгалзан Тавантолгойн ордыг урт хугацаанд үр ашигтай ашиглах, ирээдүйн хөгжлийн төлөвлөлтийн суурийг энэхүү ТЭЗҮ бүрдүүлжээ.

Төлөвлөгөөний дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК Цанхи, Бортээг, Оорцогийн хэсгийн ордыг ил уурхайн аргаар ашиглаж, жилд 50 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхайн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Төсөл бүрэн хүчин чадлаараа хэрэгжиж эхэлснээр 2,944 байнгын ажлын байр шинээр бий болж, бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр тооцжээ.

Түүнчлэн төслийн нийт хугацаанд улс, орон нутгийн төсөв болон тусгай сангуудад нийт 261.3 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэх тооцоо гарсан нь улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах хүлээлттэй байна.

Мөн энэхүү ТЭЗҮ батлагдсанаар компанийн үнэ цэнэ, хөрөнгийн үнэлгээг олон улсын жишигт нийцүүлэн илүү бодитой тодорхойлох, компанийн засаглал, хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлэх, цаашид нээлттэй хувьцаат компани болох үйл явцын чухал суурь нөхцөл бүрдэж байгааг албаныхан онцоллоо.

Related Stories

Тавантолгойн нэгдсэн ТЭЗҮ батлагдаж, 261.3 их наяд төгрөгийн төсвийн орлого төвлөрүүлэхээр тооцжээ | Ubfocus