Монгол Улсын дээд шүүхээс цоож, түгжээ болон бусад хамгаалалтын хэрэгслээр хамгаалсан тээврийн хэрэгслийн бүхээгт хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан үйлдэл нь энгийн хулгайгаас өөрөөр үнэлэгдэх боломжтой талаар тайлбарлажээ.
Тодруулбал, шүүгдэгч Ж нь бусдын өмчлөлийн цоожтой автомашины хаалганд түлхүүр тааруулан онгойлгож, бүхээгээс нь галт зэвсэг хулгайлсан хэрэгт холбогдсон байна.
Анхан шатны шүүх уг үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энгийн хулгайлах гэмт хэрэг гэж үзэн зүйлчилжээ.
Харин давж заалдах шатны шүүхээс цоожтой автомашины бүхээгт нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэл нь “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн” гэх шинжид хамаарна гэж үзсэн байна.
Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээжээ.
АВТОМАШИНЫ БҮХЭЭГ “АГУУЛАХ”-ЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БОЛНО
Дээд шүүхийн тайлбарт дурдсанаар, тээврийн хэрэгслийн үндсэн зориулалт нь хүн болон ачаа тээвэрлэх боловч өмчлөгч нь эд хөрөнгөө хамгаалах зорилгоор механик түгжээ, цоож, цахим болон ухаалаг технологи ашиглан битүүмжилсэн тохиолдолд тухайн орон зай нь эд хөрөнгө хадгалах “агуулах”-ын үүргийг давхар гүйцэтгэж болно гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл, гэмт этгээд:
🔑 Хаалганы түгжээг эвдэх,
Түлхүүр тааруулж онгойлгох,
🪟 Цонх хагалах,
📱 Цахим түгжээ, дохиоллыг саармагжуулах,
зэрэг аргаар өмчлөгчийн тогтоосон хамгаалалтыг даван туулж автомашины бүхээгт хууль бусаар нэвтэрсэн бол энэ нь энгийн хулгайгаас нийгмийн аюулын шинж чанараараа илүү гэж үзэх үндэслэлтэй байна.
Ийм үйлдэл нь зөвхөн өмчлөх эрхэд халдахаас гадна өмчлөгчийн хувийн орон зай, хамгаалалтад давхар халдаж байгаа учраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарна гэж Улсын дээд шүүх тайлбарлажээ.
ХАРИН МАШИНЫ ХААЛГА ОНГОРХОЙ БАЙСАН БОЛ…
Харин автомашины эзэмшигч хаалга, цонхоо онгорхой орхисон, эсвэл түгжихээ мартсан зэрэг шалтгаанаар хамгаалалтын хэрэгсэл идэвхгүй байсан бөгөөд гэмт этгээд ямар нэгэн саад, хамгаалалтыг даван туулахгүйгээр эд зүйл авсан бол уг үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохгүй.
Ийм тохиолдолд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энгийн хулгайлах гэмт хэрэг гэж зүйлчлэх нь зүйтэй хэмээн тайлбарласан байна.
Шүүхийн шийдвэр: Монгол Улсын дээд шүүх, Эрүүгийн хэргийн танхимын 2026 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 2026/ХШТ/70 дугаар тогтоол
Шүүхийн шийдвэрийн тойм: №91 /ЭХТ-31/, 2026.07.09
Төлөв: Хүчинтэй





