Өнөөдрийн зурхай
Ubfocus

ДЭМБ хүүхэд, өсвөр үеийнхний таргалалтыг эмчлэх шинэ удирдамж гаргалаа

Sarantsetseg
Author
October 15, 2026
1 min read
209 views
ДЭМБ хүүхэд, өсвөр үеийнхний таргалалтыг эмчлэх шинэ удирдамж гаргалаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хүүхэд, өсвөр үеийнхний таргалалтыг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн шинэ удирдамжаа танилцууллаа.

Дэлхий даяар 170 сая гаруй хүүхэд, өсвөр насныхан таргалалттай амьдарч байгаа бөгөөд сүүлийн 35 жилийн хугацаанд энэ насны бүлгийн таргалалтын тархалт хоёр хувиас найман хувь болж, дөрөв дахин нэмэгджээ.

ДЭМБ-ын шинэ удирдамжид хүүхэд, өсвөр үеийнхний таргалалтыг зөвхөн гадаад төрхтэй холбоотой асуудал бус, эрүүл мэндэд урт хугацаанд сөргөөр нөлөөлж болзошгүй өвчин гэж үзэн, цогц байдлаар эмчлэх шаардлагатайг онцолсон байна.

Тодруулбал, эрүүл, тэнцвэртэй хооллолт, тогтмол хөдөлгөөн, зан үйлийн өөрчлөлтөд чиглэсэн дэмжлэгийг эмчилгээний үндэс болгохыг зөвлөжээ. Харин шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээ болон мэс заслын аргыг эмчийн нарийн үнэлгээ, хяналтын дор авч үзэх боломжтой аж.

Мэргэжилтнүүд хүүхдийн таргалалтаас урьдчилан сэргийлэхэд гэр бүл, сургууль, эрүүл мэндийн байгууллагын оролцоо чухал болохыг онцолж байна. Мөн хүүхдийг жингээр нь буруутгах, ялгаварлан гадуурхахын оронд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм.

Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ).

Related Stories