Баянзүрх дүүрэг Элсэлтийн шалгалтад өндөр амжилт үзүүлсэн сурагчид болон тэднийг бэлтгэсэн багш нарыг мөнгөн урамшууллаар дэмжих тогтолцоог хэрэгжүүлж эхэлжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор "Элсэлтийн шалгалтад амжилттай оролцсон Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдыг урамшуулах журам"-ыг баталж, 2025 оны аравдугаар сараас мөрдөж эхэлсэн байна.
Журмын дагуу Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагчийг хичээл тус бүрээр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллаар шагнах бөгөөд тухайн сурагчийг бэлтгэсэн багшид мөн адил хэмжээний урамшуулал олгох юм.
Мөн нэг багшийн бэлтгэсэн хоёр болон түүнээс дээш сурагч 800 оноо авсан тохиолдолд хоёр дахь сурагчаас эхлэн тус бүр нэг сая төгрөгийн нэмэлт мөнгөн урамшуулал олгохоор журамд тусгажээ.
Урамшуулалд хамрагдах сурагч нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуульд сүүлийн нэг жил тасралтгүй суралцсан, Элсэлтийн шалгалтад анх удаа оролцож 800 оноо авсан байх шаардлагатай аж. Харин өмнөх оны шалгалтын оноо, түвшин ахиулах шалгалт болон гадаад хэлний дүйцүүлсэн шалгалтын дүнг тооцохгүй юм.
Түүнчлэн сурагчийг бэлтгэсэн багш нь Баянзүрх дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургуульд ажилладаг байх шаардлага тавигдаж байна.
Урамшуулал авах хүсэлт гаргахдаа Элсэлтийн шалгалтын 800 онооны батламж, иргэний үнэмлэхийн хуулбар, холбогдох лавлагаа, багшийн хувьд ажлын газрын тодорхойлолтыг бүрдүүлэн Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэст хүргүүлэх шаардлагатай юм.







