Дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн сэтгэл зүйн судалгааны нэг болох Harvard Study of Adult Development-ийн шинэ дүгнэлтээр хүнийг урт хугацаанд аз жаргалтай, эрүүл байлгадаг хамгийн чухал хүчин зүйл нь мөнгө, алдар нэр, ажил мэргэжил бус, харин чанартай дотно харилцаа болохыг дахин баталжээ.
Энэхүү судалгаа 1938 оноос хойш 88 жилийн турш хэд хэдэн үеийн хүмүүсийн амьдралыг ажигласан бөгөөд эрдэмтэд гэр бүл, найз нөхөд, хамтрагчтайгаа итгэлцэлтэй, халуун дулаан харилцаатай хүмүүс илүү урт насалж, стрессийг илүү сайн даван туулж, сэтгэл зүйн хувьд тогтвортой байдгийг тогтоосон байна.
Судалгаанд хамгийн сонирхолтой нь харилцааны тоо биш, чанар чухал болохыг онцолжээ. Өөрөөр хэлбэл олон танилтай байх нь аз жаргалын баталгаа биш, харин итгэж болох цөөн хүнтэй байх нь илүү үнэ цэнтэй гэж үзсэн байна.
Мөн судлаачид ямар ч харилцаанд санал зөрөлдөөн гарах нь хэвийн үзэгдэл боловч харилцан хүндлэл, итгэлцэл, нээлттэй харилцаа хадгалагдаж байвал энэ нь хүний сэтгэл зүй, биеийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг гэж тайлбарлажээ.
Эрдэмтдийн үзэж буйгаар аз жаргалтай амьдрахын тулд зөвхөн карьер, орлогоо нэмэгдүүлэхээс гадна гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа, харилцаандаа хөрөнгө оруулах нь хамгийн үнэ цэнтэй "хөрөнгө оруулалт" юм.
Эх сурвалж: Harvard Study of Adult Development, Real Simple.





