Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр Монгол Улс “НҮБ-ын шинэчлэлийн цөмд Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл байх ёстой” гэсэн байр суурьтай байдгийг онцолж, Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудын төлөөллийг зохих ёсоор хангах, үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгох шаардлагатайг илэрхийлэв.
Монгол Улс одоогоор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж байгаагүй 58 улсын нэг юм.
Ерөнхийлөгчийн хэлснээр Монгол Улс Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудал, сорилтод хамтын шийдэл олоход хувь нэмэр оруулах зорилго тавьж байна.
Мөн тэрбээр НҮБ-ыг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ энхийг сахиулах ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд эмэгтэйчүүдийн асуудал болон далайд гарцгүй орнуудын хөгжлийг анхаарах шаардлагатайг илэрхийлжээ.
НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл Нью-Йорк хотноо есдүгээр сарын 22-28-нд үргэлжилж байна.





