Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдсан Олон улсын хиймэл оюуны III олимпиад (IOAI 2026)-ын медаль гардуулах ёслол өнөөдөр болж, Монголын баг хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Энэ удаагийн олимпиадад дэлхийн 100 гаруй улсын 470 гаруй шилдэг сурагч хиймэл оюуны онол, практикийн мэдлэг, ур чадвараараа өрсөлдсөн бөгөөд Монгол Улсыг төлөөлөн оролцсон дөрвөн сурагчийн хоёр нь медалийн болзол хангажээ.
Хүрэл медаль хүртсэн сурагчид:
Ү.Эрхэс – Хобби сургууль, 11 дүгээр анги
Б.Бат-Эрдэнэ – Амжилт Кибер сургууль, 12 дугаар анги
Олимпиадын хүрээнд оролцогчид ганцаарчилсан төрөлд машин сургалт (Machine Learning), гүн сургалт (Deep Learning) болон хиймэл оюуны нарийн төвөгтэй алгоритмын бодлогуудыг бодсон бол багийн төрөлд GALBOT хүн дүрст роботыг программчилж бодит даалгавар гүйцэтгэн өрсөлджээ.
IOAI нь дэлхийн хэмжээнд хиймэл оюуны чиглэлээр сурагчдын мэдлэг, ур чадварыг сорьдог хамгийн нэр хүндтэй олимпиадуудын нэг бөгөөд өндөр босго, хатуу шалгуураараа онцлог юм.
Монголын багийн энэхүү амжилт нь залуу үе хиймэл оюуны салбарт олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болсныг харуулсан чухал үзүүлэлт боллоо.
Мөн олимпиадад оролцсон бусад сурагчид, тэднийг бэлтгэсэн дасгалжуулагч багш нар, эцэг эх, асран хамгаалагчид болон сургуулийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.





