Netflix-ийн Physical: Asia шоугаар олонд танигдсан, БНСУ-ын үндэсний ширим бөхийн аварга Ким Мин Жэ (Kim Min-jae) өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болжээ.
Тэрбээр долоодугаар сарын 15-ны өдрийн 02:45 цагт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, улмаар Архангай аймгийг зорих юм.
Ким Мин Жэ нь Солонгосын уламжлалт ширим (Ssireum) бөхийн шилдэг тамирчдын нэг бөгөөд "Элсний мангас" (Monster of the Sand Pit) хочоороо танигдсан. Тэрээр 2022 онд үндэсний аваргын цол хүртэж, оюутан байхдаа улсын аварга болсон анхны тамирчдын нэгээр нэрлэгдэж байв. Харин дэлхий дахинд түүнийг Netflix-ийн Physical: Asia шоуны Өмнөд Солонгосын багийн бүрэлдэхүүнд багтан өрсөлдсөнөөр нь илүү сайн мэддэг болсон юм.
Энэ удаад Ким Мин Жэ Монголд болж буй ARA Festival-ийн хүрээнд зохион байгуулагдах олон улсын үндэсний бөхийн тэмцээн ARA POWER CUP-д оролцохоор ирж байгаа бөгөөд тэмцээн долдугаар сарын 15-19-ний өдрүүдэд Архангай аймагт болно.
Сүүлийн жилүүдэд Монгол, Солонгосын уламжлалт бөхийн хамтын ажиллагаа идэвхжиж байгаа бөгөөд ARA POWER CUP нь хоёр улсын үндэсний бөхийн соёлыг олон улсад сурталчлах зорилготой томоохон арга хэмжээнүүдийн нэг болоод байна. Энэ жилийн тэмцээнд Монголын үндэсний бөхийн шилдэг бөхчүүдээс гадна Солонгосын ширим, Японы сүмо зэрэг уламжлалт бөхийн төлөөлөл оролцохоор төлөвлөжээ.





