Засгийн газрын ээлжит 25 дугаар хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар эдийн засаг, төсөв, төрийн өмчит компаниудын шинэчлэл, олон улсын хамтын ажиллагаа болон уул уурхайн салбартай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, үндэсний стандартын тогтолцоог олон улсын шаардлагад нийцүүлэх асуудлыг авч үзэж байна.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа бөгөөд төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, үр ашгийг дээшлүүлэхтэй холбоотой шийдвэрүүд гарах хүлээлттэй байна.
Үүнээс гадна Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Засгийн газар мөн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Олон улсын гэрээний тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан гэрээ, хэлэлцээрүүдийн хэрэгжилтийн тайланг танилцуулж байгаа юм.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын 13 дахь Ерөнхий сайд Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой хөрөнгө гаргах тухай Засгийн газрын тогтоолын төслийг мөн хэлэлцэнэ.
Үүнээс гадна хэд хэдэн асуудлыг Засгийн газрын гишүүдэд танилцуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Монгол Улсад уул уурхайн хөрөнгө оруулалт татах боломжтой эдийн засгийн үр ашигтай төслүүдийн талаар, бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах ажлын явц, гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг танилцуулна.
Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явц, нөхөн сэргээлтийн чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах хувилбаруудын талаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн иргэдийн санал, хүсэлтийг цахимаар хүлээн авах “e-zasag.mn” системийн үйл ажиллагаа болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 2007 оноос хойш байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүдийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм.





