Өнөөдрийн зурхай
Ubfocus

Засгийн газар хүүхдийн зуслангийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах тогтоол баталлаа

Sarantsetseg
Author
July 9, 2026
2 min read
169 views
Засгийн газар хүүхдийн зуслангийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах тогтоол баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Тогтоолын хүрээнд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналыг боловсруулж, 2026 оны дөрөвдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт даалгав.

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал өмнө нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хурлын үеэр хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд онцгой анхаарч, зуслангуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн юм.

Шинэ тогтоолд хүүхдийн зуслангийн хөгжлийг дэмжих дараах чиглэлүүдийг тусгажээ. Үүнд:

  • Хүүхдийн зуслангийн хууль, эрх зүйн орчныг шинэчлэх;

  • Зуслангийн ажилтнуудыг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах тогтолцоог бүрдүүлэх;

  • Хүүхдийн хөгжил, төлөвшлийг дэмжсэн сургалт, үйл ажиллагааны жишиг хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

  • Зуслангийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах;

  • Дэд бүтэц, амрах орчин, сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах зэрэг бодлогын цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Албан ёсны мэдээллээр 2025 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 55 хүүхдийн зуслан бүртгэлтэй байсан ч 71 зуслан үйл ажиллагаа явуулж, нийт 59.7 мянган хүүхэд амарчээ. Энэ нь Монгол Улсын нийт хүүхдийн ойролцоогоор 10 хувийг хамарсан үзүүлэлт болсон байна.

Засгийн газар энэхүү тогтоолоор хүүхдийн зуслангийн чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулж, илүү олон хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амарч, хөгжих боломжийг бүрдүүлэх зорилт тавьж байна.

Related Stories

Засгийн газар хүүхдийн зуслангийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах тогтоол баталлаа | Ubfocus