Өнөөдрийн зурхай
Ubfocus

“Бодь Интернэшнл”: 110 сая ам.долларыг төрийн өндөр албан тушаалтнуудад авлига болгон өгсөн гэх мэдээлэл худал

Sarantsetseg
Author
November 16, 2026
2 min read
313 views
“Бодь Интернэшнл”: 110 сая ам.долларыг төрийн өндөр албан тушаалтнуудад авлига болгон өгсөн гэх мэдээлэл худал

“Бодь Интернэшнл” ХХК өнөөдөр /2026.11.16/ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Тус компани УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарыг гадаад улсаас хувийн цахим хуудсаараа дамжуулан үндэслэлгүй, худал мэдээлэл түгээж, хувийн хэвшил болон хувь хүмүүсийн нэр хүндэд халдаж байна хэмээн буруутгасан байна.

Мэдэгдэлд дурдсанаар, “Бодь Интернэшнл” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор бүтээн байгуулалтыг 2013 онд батлагдсан төслийн дагуу 2019-2022 онд хэрэгжүүлжээ. Төслийн захиалагчаас шилжүүлсэн 286 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийг зориулалтын дагуу зарцуулсан бөгөөд төслийн явцад өртгийг нэмэгдүүлээгүй гэж тайлбарласан байна.

Мөн төмөр замын төслийн нийт өртгийг 450-480 сая ам.доллар байсан гэх албан ёсны хөндлөнгийн дүгнэлт гараагүй, төслийн зөрүү гэх олон сая ам.долларыг зохиомлоор нэмсэн асуудал байхгүй хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан автомашины зураг, цүнхтэй мөнгө, 4.7 сая ам.долларын гадаад шилжүүлэг зэрэг нь баримт нотолгоогүй, олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой мэдээлэл гэж няцаасан байна.

Харин төслөөс 110 сая ам.долларыг төрийн өндөр албан тушаалтан, албан хаагчдад бэлнээр авлига болгон өгсөн гэх мэдээллийг эрс үгүйсгэжээ. Компанийн зүгээс төслийн санхүүжилтийг гэрээний дагуу бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан бөгөөд ийм хэмжээний хөрөнгийг төслөөс гаргах нь санхүүжилтийн ноцтой дутагдал үүсгэж, ажлыг зогсоох эрсдэлтэй байсан гэж тайлбарласан байна.

Мөн “Бодь Интернэшнл” ХХК нь төмөр замын төслийн санхүүжилттэй холбоотойгоор Голомт Санхүүгийн Нэгдэл дэмжлэг үзүүлж ажилласан бөгөөд нүүрсний гэрээнүүдийн хүрээнд ямар нэгэн хөнгөлөлт, давуу эрх эдлээгүй гэж мэдэгджээ.

Компанийн мэдээлснээр, зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт болон санхүүжилтийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд урьдчилгаа төлбөр, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан нь өмнөх аудит, хууль хяналтын байгууллагын шалгалт болон УИХ-ын ажлын хэсгийн хяналтаар нотлогдсон аж.

Тус компани цаашид уг асуудлаар үнэн бодит байдлыг тогтооход шаардлагатай мэдээлэл, материалыг холбогдох хууль хяналтын байгууллагад гаргаж өгөх, хуулийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Related Stories

“Бодь Интернэшнл”: 110 сая ам.долларыг төрийн өндөр албан тушаалтнуудад авлига болгон өгсөн гэх мэдээлэл худал | Ubfocus