Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад улаанбурхан өвчний шинэ тохиолдол 2026 оны наймдугаар сарын 24-нөөс хойш бүртгэгдээгүй бөгөөд өнгөрсөн оноос эхэлсэн дэгдэлтийг таслан зогсоосон гэж үзэх боломж бүрдсэн талаар мэдээллээ.
Тэрбээр тандалтын мэдээлэл, лабораторийн шинжилгээ болон эрсдэлийн үнэлгээнд үндэслэн ийм дүгнэлтэд хүрч байгааг онцолсон юм.
Улаанбурхан өвчний дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээнд Засгийн газраас 15 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, халдварын тандалт, вакцинжуулалт болон лабораторийн чадавхыг бэхжүүлэхэд зарцуулжээ.
Мөн сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 600 гаруй нэгжийн 1,300 гаруй эмч, мэргэжилтэн айл өрхөөр ажиллаж, вакцины товлолын хугацаанаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, өсвөр насныхныг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг эрчимжүүлсэн байна.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ үр дүнг Засгийн газар, эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнууд болон олон нийтийн хамтын хүчин чармайлтын үр дүн хэмээн тодорхойлж, ажилласан бүхэнд талархал илэрхийлэв.
Гэхдээ улаанбурхан болон вакцинаар сэргийлэх боломжтой бусад халдварт өвчнөөс хүүхэд бүрийг хамгаалах ажил үргэлжлэх ёстойг тэрбээр анхаарууллаа.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ вакциныг товлолын дагуу хугацаанд нь хийлгэж, хоцорсон тохиолдолд өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан нөхөн дархлаажуулалтад хамруулахыг уриалжээ.





