Оюутолгойн ногдол ашигт ногдох гурван их наяд төгрөгийг иргэдэд бэлнээр олгох асуудлаар хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа.
УИХ-ын Өргөдлийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийг ахлагчаар томилжээ.
Ажлын хэсэг энэ долоо хоногт багтаан эсвэл ирэх долоо хоногоос үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл хэлэхдээ, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, УИХ-ын гишүүдийн байр суурь болон одоо мөрдөгдөж буй хууль эрх зүйн боломжийг нарийвчлан судална гэв. Мөн Засгийн газрын байр суурийг сонсож, ногдол ашгийг иргэдэд хэрхэн хүртээх талаар нэгдсэн санал боловсруулах юм байна.
Одоогоор ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох, ахмад настнуудад мөнгөн хэлбэрээр хүртээх, хүүхдүүдийн ногдох хувийг Баялгийн санд төвлөрүүлэх, эсвэл улс орны томоохон бүтээн байгуулалтад зарцуулах зэрэг хэд хэдэн санал яригдаж байгаа аж.
Түүнчлэн нийтийн өргөдлийн системээр 100 мянга гаруй иргэн уг асуудлаар санал гаргаж, гарын үсэг зурсан байна. Иргэдийн дунд нэг хүнд 857 мянган төгрөг олгох хувилбарын талаар хүлээлт өндөр байгаа бөгөөд ажлын хэсэг иргэдийн саналыг судалгаандаа тусгахаар болжээ.Иймд ногдол ашгийн бодит хэмжээ, төвлөрөх хугацаа болон нийт ард иргэдэд хүртээх хэлбэрийг нарийвчлан тодорхойлж, шаардлагатай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.





