Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотод хэрэгжиж буй бүтээн байгуулалт, авто зам, инженерийн шугам сүлжээний ажлын явцыг хэлэлцэж, хотын дарга Б.Пүрэвдагва холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.
Одоогийн байдлаар нийслэлд 702.3 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 169 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд ажлын явц дунджаар 53 хувьтай байна. Мөн 2026 онд замын шинэчлэл, засварын 54 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд нийт 132.2 км авто зам барих, шинэчлэх ажлын гүйцэтгэл 32.3 хувьтай үргэлжилж байна.
Түүнчлэн нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт 25.1 хувьтай байгаа бөгөөд үерийн далан, суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлын гүйцэтгэл 58 хувьд хүрчээ.
Шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Б.Пүрэвдагва их цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэх, үерийн далан сувгийн цэвэрлэгээг сайжруулах, барилга болон замын ажлын талбайн аюулгүй байдлыг хангах, зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх зэрэг үүрэг чиглэл өгсөн байна.





