НИТХ-ын хуралдаанаар Баянзүрх дүүргийн иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндтэй холбоотой хэд хэдэн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.
Тухайлбал, 2021 онд Засгийн газрын шийдвэрээр нийтийн эзэмшилд шилжүүлэхээр болсон Жуковын хөшөөний арын талбай өнөөдрийг хүртэл чөлөөлөгдөөгүй, ухаж орхисон байдалтай байгаа нь иргэдэд эрсдэл учруулж буйг дурдав. Иймд уг газрыг бүрэн чөлөөлж, тохижилт бүтээн байгуулалт хийх боломжийг бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудаас шаардлаа.
Мөн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн хажууд байрлах шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг дахин хөндөв. Олон мянган сурагчийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй талаар мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасан бөгөөд өмнө нь гарсан шийдвэр, амлалтыг хэрэгжүүлж, газрыг чөлөөлөх шаардлагатайг онцолсон байна.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн 6, 15, 18, 25, 26, 36, 43 дугаар хороодын иргэд цагдаагийн байгууллагын үйлчилгээг түргэн шуурхай авч чадахгүй байгааг дурдан, тухайн бүсэд цагдаагийн хэлтэс байгуулах газрын асуудлыг яаралтай шийдвэрлэх санал гаргажээ.





