Өнөөдрийн зурхай
Ubfocus

Эгшиглэнгийн хэрэг: Зорчих эрхийн хязгаарлалтыг зөрчсөний улмаас хорих ял эдэлж эхэлжээ

Sarantsetseg
Author
July 22, 2026
2 min read
358 views
Эгшиглэнгийн хэрэг: Зорчих эрхийн хязгаарлалтыг зөрчсөний улмаас хорих ял эдэлж эхэлжээ

Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа болон түүний хамтран амьдрагч Сэргэлэн нарт холбогдох мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой эрүүгийн хэрэгт анхан шатны шүүхээс өмнө оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольжээ.

Хэргийн материалд дурдсанаар, тэд 2025 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр автомашиндаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтдаг метамфетамин агуулсан, "мөс" гэх нэршилтэй 0.5276 грамм бодисыг хууль бусаар хадгалсан хэрэгт холбогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан биологийн дээжид хийсэн шинжилгээгээр метамфетамин илэрсэн талаар Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтэд тусгагдсан бөгөөд автомашинаас илэрсэн бодис мөн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогджээ.

Энэ хэрэгтэй холбоотой гэм буруугийн асуудлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны зургаадугаар сарын 16-нд хэлэлцсэн байна. Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Т.Болортуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ үнэн зөв болохыг илэрхийлж, нэмж мэдүүлэх зүйлгүй гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан баримтууд, шүүгдэгчдийн хувийн байдал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүгнэлт болон анх удаа ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хоёр жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүйгээр гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна.

Мөн шүүхийн шийдвэрт уг хязгаарлалтыг удаа дараа зөрчсөн тохиолдолд хорих ялаар солих боломжтойг тусгажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад цахим бугуйвчтай байсан Т.Болортуяа, Сэргэлэн нар зөвшөөрөлгүйгээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс удаа дараа гарсан нь тогтоогдсоны улмаас шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар өөрчлөх шийдвэр гаргасан байна.

Үүний дагуу Т.Болортуяа одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд түүний эдлэх хорих ялын хугацаа нэг жил дөрвөн сар гэж шүүхийн шийдвэрт тусгажээ.

Хууль сахиулах байгууллагууд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь чухал болохыг онцолж, ийм төрлийн бодисын хэрэглээ нь эрүүл мэнд, сэтгэц болон нийгмийн амьдралд ноцтой эрсдэл дагуулдгийг иргэдэд анхааруулсаар байна.

Related Stories