Нэгдүгээр ангийн сурагчдын сургуульд дасан зохицох хөтөлбөр өндөрлөж, өнөөдрөөс сурах бичгийн үндсэн агуулгын дагуу хичээллэж эхэлж байна.
Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн дагуу боловсруулсан нэгдүгээр ангийн сурах бичгүүд хэвлэгдэн гарчээ. Тодруулбал, зургаан сурах бичиг, сурагчийн дасгал ажлын дэвтэр, багшийн ном гэсэн гурван төрлийн сургалтын материалыг өнөөдрөөс дүүргүүдийн сургууль болон орон нутагт хүргэх ажил эхэлсэн байна.
Энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурах бичгийг илүү хөнгөн болгож, хүүхдийн цүнхний жинг бууруулахад чиглэсэн шинэчлэл хийжээ. Мөн дасгал ажлын дэвтэртэй болсноор сурагчид номын агуулгатайгаа уялдуулан шууд ажиллаж, дасгал, даалгавраа гүйцэтгэх боломж бүрдэж байна.
Түүнчлэн сурах бичигт байршуулсан QR кодыг уншуулснаар авиа дуудлага болон хичээлийн бусад агуулгыг дүрс, дуу, нэмэлт хэрэглэгдэхүүний хамт интерактив байдлаар үзэж, ашиглах боломжтой аж.
Багшийн гарын авлагад мөн гэрийн даалгавар, тоглонгоо суралцах арга зүй, сурагчдын дээд эрэмбийн ур чадварыг хөгжүүлэхтэй холбоотой зөвлөмж, хэрэглэгдэхүүнийг тусгасан нь сургалтын чанарыг дэмжихэд чиглэжээ.





