Өнөөдрийн зурхай
Ubfocus

Түрээслээд өмчлөх "Солонго 1, 2 хорооллын орон сууцуудын бүртгэл, шалгаруулалтыг цахимаар явуулна

Sarantsetseg
Author
June 18, 2026
1 min read
132 views

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй орлогод нийцсэн “Солонго 1, 2” орон сууцны хорооллын төсөл үргэлжилж байна.

Төслийг 2024 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны захиалгаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

“Солонго 1, 2” хорооллын орон сууцуудыг орчин үеийн дэвшилтэт технологи, шийдлүүдээр төлөвлөжээ. Тухайлбал, тусдаа угаалгын өрөөтэй, гурван давхар шилэн цонхтой, шалны дуу чимээ тусгаарлагчтай, ашиглалттай дээвэр, домофон болон нарны эрчим хүчний системтэй байхаар төлөвлөсөн байна. Мөн хоёр болон гурван өрөөний сонголттой бөгөөд хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолыг тусад нь шийдвэрлэжээ.

Түүнчлэн бүх барилгад нарны гэрэл жигд тусах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарсан бөгөөд угаалгын машин байрлуулах зориулалтын өрөөг тусад нь төлөвлөсөн нь онцлог болж байна.

Төслийн хүрээнд нийт 5002 айлын орон сууц баригдах бөгөөд иргэдийг хамруулахдаа “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д заасан шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон шалгаруулна.

Бүртгэл болон сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар зохион байгуулах бөгөөд иргэдийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн албан ёсны цахим хуудас болох www.tosk.gov.mn сайтаар бүртгэх ажлыг бэлтгэж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Related Stories