Өнөөдрийн зурхай
Ubfocus

ЯПОНЫ ЖҮДОЧ КОСҮКЭ МАШИЯМА МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГТ НЭГДЭХЭЭР ИРГЭНШЛЭЭ СОЛИХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

Sarantsetseg
Author
August 29, 2026
2 min read
306 views
ЯПОНЫ ЖҮДОЧ КОСҮКЭ МАШИЯМА МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГТ НЭГДЭХЭЭР ИРГЭНШЛЭЭ СОЛИХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

Монгол Улс 1964 оны Токиогийн зуны олимпод анх оролцсоноос хойш нийт 15 удаагийн олимпод оролцож, тамирчид нь 31 медаль хүртээд байна. Үүний 12 медалийг жүдо бөхийн тамирчид авчирсан бөгөөд нэг алт, таван мөнгө, зургаан хүрэл медальтай юм. Энэ утгаараа жүдо нь Монголын олимпын хамгийн өндөр хүлээлттэй спортын нэг билээ.

Тэгвэл Монголын жүдо бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Японы тамирчин Косүкэ Машияма нэгдэхээр бэлтгэж, Монгол Улсын иргэншил авах хүсэлтээ гаргасан талаар эх сурвалж мэдээлжээ.

Косүкэ Машияма нь Японы жүдо бөхийн -90 кг-ын жинд барилддаг бөгөөд 2024 оноос хойш Японы шигшээ багийн нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцоогүй байна. Тиймээс цаашид Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, олон улсын тэмцээнүүдэд оролцох зорилготой байгаа аж.

1999 онд төрсөн тэрбээр:

  • 2018 оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт,

  • 2019 оны Азийн аварга,

  • 2021 оны Баку Их дуулгын аварга,

  • 2022 оны Токиогийн Их дуулгын аварга,

  • 2021, 2022 оны дэлхийн аваргын холимог багийн төрлийн аварга болж байсан туршлагатай тамирчин юм.

Японы -90 кг-ын жинд өрсөлдөөн өндөр байдаг бөгөөд Машияма сүүлийн жилүүдэд шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд тогтвортой багтах боломж хомс байсан гэх мэдээлэл бий.

Эх сурвалжийн мэдээлснээр, Косүкэ Машияма 2027 оноос Монгол Улсын шигшээ багийн нэрийн өмнөөс барилдах боломж бүрдэх төлөвтэй байгаа бөгөөд үүний тулд иргэншлээ солихтой холбоотой асуудлаа бэлтгэж байгаа аж.

Хэрэв тэрбээр Монголын шигшээ багт албан ёсоор нэгдсэн тохиолдолд -90 кг-ын жингийн дотоодын өрсөлдөөн эрс нэмэгдэх юм. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд А.Мөнх-Эрдэнэ алтан медаль, Б.Мөнхбаяр мөнгө, Г.Болор-Очир болон Б.Алтансүх хүрэл медаль хүртсэн байна.

Монголын жүдо бөхийн шигшээ баг өмнө нь гадаадын иргэн тамирчинг бүрэлдэхүүндээ нэгтгэж байсан түүхтэй. Ираны жүдоч Саид Моллай 2019 онд Монгол Улсын иргэн болж, 2020 оны олимпод Монголын нэрийн өмнөөс барилдан мөнгөн медаль хүртэж байв. Тэрбээр 2022 онд Монголын иргэншлээс татгалзаж, Азербайжаны шигшээ багт шилжсэн юм.

Косүкэ Машиямагийн Монголын шигшээ багт нэгдэх асуудал албан ёсоор эцэслэгдвэл 2027 оны дэлхийн аварга болон 2028 оны Токиогийн олимпын өмнөх Монголын жүдо бөхийн шигшээ багийн хамгийн анхаарал татах өөрчлөлтүүдийн нэг болох төлөвтэй байна.

Related Stories