Өнөөдрийн зурхай
Ubfocus

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮХ АНГИ, БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙНЭ

Sarantsetseg
Author
August 19, 2026
2 min read
188 views
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮХ АНГИ, БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙНЭ

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 17-ны өдөр болж, цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргажээ.

Тухайлбал, 2026 он дуустал эрсдэл үүсэж болзошгүй, өндөр дайчилгаа шаардсан бүх төрлийн сургуулилтыг хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Мөн намрын ургац хураалт болон бусад ажилд цэргийн алба хаагчдыг хууль, эрх зүйн хүрээнд оролцуулах тохиолдолд эрсдэл өндөртэй техник, тоног төхөөрөмж дээр ажиллуулахгүй байх нөхцөлийг гэрээнд тодорхой тусгаж, аюулгүй ажиллагааны шаардлагыг хатуу мөрдүүлэхээр болжээ.

“ЦЭРГИЙН АЛБЫГ ЭРСДЭЛЭЭС ЧӨЛӨӨЛЬЕ” РЕФОРМЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Монгол Улсын Зэвсэгт хүчинд хэрэгжүүлж буй “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хүрээнд Зэвсэгт хүчний бүх анги, байгууллагад эрсдэлийн үнэлгээ хийж, аюулгүй ажиллагаанд иж бүрэн хяналт шалгалт зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн байна.

Түүнчлэн Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, цэргийн дүйцүүлэх албаны тогтолцоог боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэхээр болжээ.

Энэ хүрээнд хөдөө орон нутаг болон алслагдсан бүс нутагт эрэлт хэрэгцээтэй байгаа багш, эмч зэрэг мэргэжлээр тодорхой хугацаанд ажилласан иргэнийг цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцох боломжийг бүрдүүлэх чиглэлээр холбогдох журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

СУРАГЧДАД “ЦЭРЭГ, ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖИЛ” ХИЧЭЭЛИЙГ ТУРШИНА

Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эх оронч үзэл, хүмүүжил болон цэргийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Цэрэг, эх оронч хүмүүжил – Цэрэгжилтийн хичээл”-ийг энэ намраас туршилтын журмаар зохион байгуулах бэлтгэлийг хангах үүрэг өгчээ.

Үүнээс гадна цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд тэдний гэр бүлийн гишүүдийг тогтвортой орлоготой болгох, өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх төслийн тоног төхөөрөмжийн худалдан авалтыг эрчимжүүлэхээр болсон байна.

Харин сайдын зөвлөлийн хуралдаанаар өмнө өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэхэд биелэлт 67.7 хувьтай байгааг танилцуулжээ. Үүнтэй холбоотойгоор хэрэгжилт хангалтгүй байгаа ажлуудад тавих хяналтыг сайжруулж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

эх сурвалж: Батлан Хамгаалах яам

Related Stories