УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын есөн гишүүнээс 2025 оны тавдугаар сард өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ 2026 оны аравдугаар сарын 16-нд баталсан. Үүнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.
Тогтоолын төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалсан бөгөөд тэрбээр төслийн танилцуулгыг хийж, анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргав.
Тогтоолын төсөлд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд хэд хэдэн арга хэмжээ тусгажээ. Тухайлбал, хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах болон импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг шинэчлэхтэй холбоотой төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгасан байна.
Мөн хуулийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх, сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх ажлыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран зохион байгуулах, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварын тэмдэг олгох, бүртгэл болон хэрэглээний бэлтгэлийг хангах, цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, онлайн сурталчилгаа, борлуулалтад хяналт тавих зэрэг ажлыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Түүнчлэн салбар дундын ажлын хэсэг байгуулж, тамхин бүтээгдэхүүний сав баглаа боодлын өөрчлөлт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн захиалгын мөчлөг болон хууль ёсоор импортолж, татвараа төлсөн бүтээгдэхүүний үлдэгдэлд үзүүлэх нөлөөллийг тооцохоор төлөвлөсөн байна. Шилжилтийн үеийн зохицуулалтыг судалж, холбогдох арга хэмжээ авахын зэрэгцээ хуулийн 6.7.14 дэх заалт тамхины далд худалдааг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлж байгаа эсэхийг судлан, 2027 оны эхний улиралд УИХ-д танилцуулах аж.
Харин хуулийн хэрэгжилтийн явцыг 2028 оны нэгдүгээр сард багтаан УИХ-д танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгохоор тусгажээ.
Гишүүд шилжилтийн хугацаа болон зохицуулалтын талаар байр сууриа илэрхийлэв
Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Рэгдэл, Д.Ганмаа, С.Эрдэнэбат, О.Саранчулуун нар асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хуулийн зарим зохицуулалт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор импортлогч аж ахуйн нэгжүүдээс хэрэгжих хугацааг 18 сараар хойшлуулах хүсэлт ирүүлснийг дурдав. Мөн компаниуд өмнө нь хууль ёсоор импортолсон бүтээгдэхүүний нөөцтэй байж болзошгүйг онцолж, хуулиар хориглосон зохицуулалтыг тогтоолоор өөрчлөх боломжгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл хуулийг олон нийтэд сурталчлан таниулах ажилд Боловсролын яамыг тодорхой нэр заан оролцуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Харин салбар дундын ажлын хэсэг байгуулах тухай заалтыг хасах санал гаргаж, өмнө үйлчилж байсан хуулийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн импортолсон бүтээгдэхүүний үлдэгдлийг устгахгүй байх зохицуулалтыг тодорхой тусгах шаардлагатайг хэлэв.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа электрон тамхины никотины агууламж өндөртэй шингэний миллилитр тутамд ногдуулах онцгой албан татварын хэмжээг хэрхэн тогтоосныг тодруулж, тамхин бүтээгдэхүүний татварыг инфляцтай уялдуулах шаардлагатайг онцоллоо.
Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат сургуулийн орчноос 500 метрийн радиуст тамхи худалдаалахыг хориглосон зохицуулалтыг, ялангуяа хөдөө орон нутгийн сумдад хэрэгжүүлэхэд хүндрэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүний байр сууринаас үзвэл уг зохицуулалт нь худалдааг далд хэлбэрт шилжүүлэх эрсдэлтэй аж. Гэхдээ тогтоолын төсөлд тусгасан шилжилтийн үеийн зохицуулалтыг судалж, арга хэмжээ авах заалтыг дэмжжээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун тогтоолын төсөлд тусгасан зарим ажлын үүрэг, чиглэл ерөнхий байгааг анхааруулж, Засгийн газар хэрэгжилтийг тайлагнах үед тодорхойгүй байдал үүсэж болзошгүйг хэлэв. Мөн хуулийг соён гэгээрүүлэх ажилд Боловсролын яамыг оролцуулах саналыг дэмжсэн байна.
Ийнхүү ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэнгийн гаргасан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77 хувь нь дэмжжээ.





