УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцлээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир гадаад томилолттой байсан тул танилцуулгыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан хийв.
Тэрбээр хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин болон ажилгүйдлийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2027 оны төсвийг 106.7 тэрбум төгрөгөөр баталсан бөгөөд энэ нь 2026 оны түвшинтэй адил аж. Сангийн хөрөнгийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, ажилгүйдлийн түвшин болон зорилтот бүлгийн хэрэгцээнд үндэслэн аймаг, дүүрэгт хуваарилж байгаа гэв.
Орон нутагт хуваарилсан санхүүжилтээр 2025 онд 34,826, 2026 оны гуравдугаар улирлын байдлаар 20,115 ажлын байр шинээр бий болгосон бөгөөд нийт 55 мянга гаруй ажлын байр бий болсон гэж танилцууллаа.
Үйлдвэрлэлийн ослоор 64 хүн амиа алджээ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүхийн мэдээлснээр, 2021-2025 онд улсын хэмжээнд 2,678 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 308 хүн амь насаа алдсан байна.
Харин 2026 оны есдүгээр сарын байдлаар 635 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 54 хүн нас баржээ. Энэ тоо арваннэгдүгээр сарын байдлаар 740 болж нэмэгдсэн бөгөөд ослын улмаас 64 хүн амиа алдсан байна.
Үйлдвэрлэлийн осол уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилга, тээвэр, агуулахын үйлчилгээний салбарт хамгийн их бүртгэгдэж байгаа аж. Харин хүний амь нас хохирсон ослын эзлэх хувь барилгын салбарт, мэргэжлээс шалтгаалах өвчлөл уул уурхайн салбарт өндөр байгааг танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэвэр авч буй 2,229 иргэн байна. Нийт өвчлөлийн 50.8 хувь нь тоосжилтоос үүдэлтэй амьсгалын тогтолцооны, 26.7 хувь нь мэдрэлийн тогтолцооны, 10 орчим хувь нь химийн бодисын хордлоготой холбоотой өвчлөл эзэлж байна. Мэргэжлээс шалтгаалах өвчний нийт тохиолдлын 77.2 хувь нь уул уурхайн салбарт бүртгэгджээ.
Гишүүд урьдчилан сэргийлэх бодлого, хяналтыг шүүмжлэв
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, О.Саранчулуун, Д.Ганмаа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах үйлдвэрлэлийн ослын дараах нөхөн төлбөрөөс гадна ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллагуудад хэрхэн хяналт тавьдаг, ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг зүй бусаар авах тохиолдлыг хэрхэн зохицуулж буйг тодрууллаа.
Харин УИХ-ын гишүүн О.Саранчулуун ажилгүй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй байгаа асуудлыг хөндөж, нөхөн сэргээх тусламж үйлчилгээний бодит үр дүнг лавлав.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулж буй хөрөнгийн үр дүн, эрт илрүүлгийн үзлэгийн талаар асуулт тавьсан юм.
Төвийн дарга Д.Нарансүх нийт 4,327 иргэн мэргэжлээс шалтгаалах өвчтэй гэж бүртгэгдсэнээс 2,029 нь тэтгэвэр авч байгааг тайлбарлаж, урьдчилан сэргийлэх хүрээнд жилд 15 мянга орчим ажилтанд үзлэг хийдэг талаар мэдээлэв.
Харин асуулга тавьсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат танилцуулсан мэдээлэл хангалтгүй байгааг шүүмжилж, үйлдвэрлэлийн осол, ажилгүйдэл нэмэгдэж буй шалтгаан, түүнийг бууруулах бодлогын талаар тодорхой хариулт шаардлаа.
Тэрбээр ажилгүйдлийн даатгалын сангийн орлого сүүлийн жилүүдэд зарлагаа нөхөж чадахгүй болсон, үйлдвэрлэлийн ослын даатгалын санд 300 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байхад урьдчилан сэргийлэх ажлын хэрэгжилт хангалтгүй байгааг онцолсон юм.
Мөн 2025 онд үйлдвэрлэлийн ослоор 73 хүн амиа алдсан байхад ямар албан тушаалтан бодит хариуцлага хүлээсэн талаар тодруулж, үйлдвэрлэлийн осол нь зөвхөн статистик тоо биш, хүний амь нас, ар гэрийн амьдралтай холбоотой асуудал гэдгийг санууллаа.
Байнгын хорооны дарга П.Ганзориг хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөвхөн ослын тоо, нөхөн төлбөрийн хэмжээгээр дүгнэх боломжгүйг тэмдэглэв. Тэрбээр осол бүрийн цаана нэг айлын амьдрал, гэр бүлийн хувь заяа байдаг тул урьдчилан сэргийлэх бодлого, хяналт шалгалт, төлөвлөлт болон эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатайг онцоллоо.





