Өнөөдрийн зурхай
Ubfocus

ЭХИЙН ЦУСНААС УРГИЙН ХРОМОСОМЫН ЭРСДЭЛИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ НИПТ ШИНЖИЛГЭЭГ ЭХЭМҮТ-Д НЭВТРҮҮЛЛЭЭ

Sarantsetseg
Author
August 18, 2026
2 min read
151 views
ЭХИЙН ЦУСНААС УРГИЙН ХРОМОСОМЫН ЭРСДЭЛИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ НИПТ ШИНЖИЛГЭЭГ ЭХЭМҮТ-Д НЭВТРҮҮЛЛЭЭ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, ургийн зарим эрсдэлийг жирэмсний эрт үед илрүүлэх боломж Монголд бүрдэж байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-д НИПТ буюу инвазив бус жирэмсний үеийн скрининг шинжилгээг албан ёсоор нэвтрүүлжээ.

Энэхүү шинжилгээ нь эхийн цусанд агуулагдах ургийн чөлөөт ДНХ-д шинжилгээ хийж, 21, 18, 13 дугаар хромосомын өөрчлөлт, мөн бэлгийн Х, Ү хромосомын зарим өөрчлөлтийн эрсдэлийг жирэмсний эрт үед үнэлэх орчин үеийн молекул генетикийн арга юм.

НИПТ-ийн гол давуу тал нь эх, урагт шууд оролцдоггүй, эрсдэл багатай арга бөгөөд тодорхой хромосомын өөрчлөлтийн эрсдэлийг өндөр мэдрэг чанартайгаар илрүүлэх боломжтой юм. Ингэснээр жирэмсний хяналтын явцад шаардлагатай тохиолдолд нэмэлт шинжилгээ, генетикийн зөвлөгөө болон цаашдын эмнэлзүйн тусламжийг цаг алдалгүй төлөвлөх боломж нэмэгдэнэ.

Гэхдээ НИПТ нь эцсийн онош тавих шинжилгээ биш, харин эрсдэлийг үнэлэх скрининг шинжилгээ гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Өндөр эрсдэлтэй хариу гарсан тохиолдолд эмчийн зөвлөгөөний дагуу баталгаажуулах оношилгоо хийх шаардлагатай аж.

ЭХЭМҮТ-ийн Анагаахын удамзүйн лабораторийн хамт олон дараа үеийн секвенсийн технологид суурилсан энэхүү шинжилгээг хийх чиглэлээр мэргэжлийн сургалтад хамрагдаж, гадаад хяналтын үнэлгээнүүдийг амжилттай давснаар уг технологийг дотооддоо нэвтрүүлэх боломж бүрджээ.

Ийнхүү Монгол Улсад эхийн энгийн цусны шинжилгээгээр ургийн зарим хромосомын өөрчлөлтийн эрсдэлийг эрт үнэлэх боломж нэмэгдэж, эрт илрүүлэг, генетикийн зөвлөгөө болон эх, ургийн тусламж үйлчилгээний шинэ шатны боломж бүрдэж байна.

эх сурвалж: ЭХЭМҮТ

Related Stories