Сүхбаатар аймагт газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан компанийн ажилчдын эрх, эрх чөлөөнд халдсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн Г.Солонгыг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр гарчээ.
Тодруулбал, прокуророос Г.Солонго, Г.Адилбиш нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх уг саналыг өчигдөр буюу 2026 оны наймдугаар сарын 18-ны өдөр хэлэлцэж, Г.Солонгыг 30 хоногийн хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Харин Г.Адилбиш болон Э.Соронзонболд нар өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан тул тэдэнд холбогдох асуудлыг хэлэлцэх шүүх хурлыг өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний өдөр хүртэл хойшлуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн үед Сүхбаатар аймагт саатуулагдаж байсан Г.Солонго цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаарх шүүх хуралдаанд цахимаар оролцжээ.
Өмнөх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байжээ
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 2024 онд Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр шалгаж байсан аж.
Тэднийг тухайн үед:
Компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардан хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан,
Байгууллагын хашаа руу нэвтрэхээр хамгаалалтын ажилчдад хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Ажилчид болон хамгаалалтын ажилтнуудыг үг хэлээр доромжилж, хэрүүл маргаан үүсгэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Туслан гүйцэтгэгч компанийн ажилчдын техник хэрэгслийг унтраах зэрэг үйлдэл гаргасан,
Ажилчдын амрах сууцны доторх орчныг дүрс бичлэгт буулган олон нийтэд тараасан,
“Алтан дун дорнод монгол” компанийн гадна талбай болон хоолны зааланд нэвтэрч, нэр бүхий иргэдтэй маргалдан, нэг иргэний биед халдсан гэх үндэслэлээр шалгаж, яллагдагчаар татсан байна.
Мөн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тэднийг дуудсан цагт ирээгүй гэх үндэслэлээр прокуророос цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн аж.
БНХАУ-ын ЭСЯ асуудалд анхаарал хандуулжээ
Харин хамгийн сүүлд Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан компанийн ажилчдын эрх, эрх чөлөөнд халдсан гэх асуудалд БНХАУ-ын Элчин сайдын яам анхаарал хандуулж эхэлсэн байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өчигдөр БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли болон худалдааны зөвлөх Лиу Жинзи нарыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр хэргийг түр орлогч Цао Ли Сүхбаатар аймагт болсон үйл явдал Монгол Улсад төдийгүй БНХАУ-д өргөнөөр яригдаж, Хятадын тал уг асуудалд санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.
Тэрбээр,
“Хуулийн байгууллагууд тухайн явдалд буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана”
гэж мэдэгдсэн талаар мэдээлжээ.
Одоогоор Сүхбаатар аймагт болсон гэх шинэ хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд холбогдох хүмүүсийн буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох юм.





