Өмнөд Солонгосын Засгийн газар 2027 онд насанд хүрээгүй К-поп уран бүтээлчдийн хөдөлмөрийн нөхцөл, үндсэн эрхийн хамгаалалтад анх удаа улсын хэмжээнд цогц судалгаа хийхээр болжээ.
Тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас энэхүү судалгаагаар энтертайнмент компаниудад харьяалагдаж буй насанд хүрээгүй уран бүтээлчдийн тоо, насны ангилал, хөдөлмөрийн нөхцөл болон хуульд заасан эрх нь хэрхэн хангагдаж байгааг шалгах юм байна.
Тухайлбал, өсвөр насны айдолуудын боловсрол эзэмших, амрах, унтаж амрах эрх, ажлын цагийн зохицуулалт, сэтгэл зүйн болон хууль зүйн хамгаалалт, энтертайнмент компаниудтай байгуулсан гэрээний нөхцөлийг судална. Мөн насанд хүрээгүй уран бүтээлчдийн эрхийг хамгаалах стандарт гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг эргэн харахаар болжээ.
Энэ асуудал сүүлийн үед NewJeans хамтлагийн гишүүдийн гэрээтэй холбоотой маргааны дараа олон нийтийн анхаарлыг татах болсон юм.

Тодруулбал, New York Times сонин арваннэгдүгээр сарын 5-нд нийтэлсэн судалгааны материалдаа NewJeans хамтлагийн таван гишүүн 2022 онд ADOR компанитай гэрээ байгуулахдаа 14-17 настай байсан бөгөөд тэдний гэрээнд насанд хүрээгүй уран бүтээлчдийн боловсрол, эрүүл мэнд, амралт, нойрны эрхийг хамгаалах зарим зохицуулалт хангалтгүй байсан талаар хөнджээ.
Мөн дадлагажигч байх хугацаандаа шөнийн 02:00 цаг хүртэл бэлтгэл хийдэг байсан гэх мэдээлэл дурдагдсан байна. Харин HYBE компани гэрээг хуульд нийцүүлэн байгуулсан бөгөөд насанд хүрээгүй гишүүдийн эрхийг нэмэлт гэрээгээр хамгаалсан гэж тайлбарлажээ.
Өмнөд Солонгосын холбогдох хуульд насанд хүрээгүй уран бүтээлчидтэй гэрээ байгуулахдаа тэдний бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэнд, боловсрол, амралт, нойр болон хувийн эрхийг хамгаалах зохицуулалт тусгахыг шаарддаг. Мөн шөнийн 22:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл ажиллуулахыг зарчмын хувьд хориглодог бөгөөд насны ангилал, хуульд заасан нөхцөлөөс хамааран тодорхой зохицуулалт үйлчилдэг.

Сүүлийн жилүүдэд К-попын агентлагууд өсвөр насны хүүхдүүдийг улам бага насанд нь урлагийн зах зээлд гаргах болсон нь энэ асуудлыг дахин хөндөх шалтгаан болжээ. Тухайлбал, A2O MAY хамтлагийн есөн гишүүн бүгд 19-өөс доош настай бөгөөд тэдний гурав нь 13 настай аж.
Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын яам судалгааны нарийвчилсан хамрах хүрээ, аргачлалыг хараахан эцэслээгүй байгаа бөгөөд өсвөр насны уран бүтээлчдийн сэтгэл зүйн зөвлөгөө, хууль зүйн туслалцааг нэмэгдүүлэх, стандарт гэрээг шинэчлэх шаардлагыг мөн судлахаар төлөвлөжээ.





