Дорнод аймаг дахь Хилийн цэргийн ангид үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин нас барсан асуудлаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд дурдсанаар, дэд ахлагч А нь 2026 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэнэт ухаан алдаж, биеийн байдал нь хүндэрсэн байна. Түүнийг ангиас томилогдсон эмнэлгийн бүлэг сумын болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Улмаар аравдугаар сарын 3-нд нисдэг тэргээр Улаанбаатар хотод тээвэрлэн авчирч, Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтүүлэн эрчимт эмчилгээ хийсэн боловч аравдугаар сарын 6-нд нас барсан байна.
Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр талийгаачийн нас баралт гадны нөлөөгүй бөгөөд цусанд нь согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн бодис илрээгүй. Харин тархинд цус харвасны улмаас нас барсан болохыг тогтоосон гэж ХХЕГ-аас мэдээлжээ.
Одоогоор уг асуудлыг цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.






