УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 24-нд УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслийн удирдлагуудтай уулзаж, Зөвшилцлийн зөвлөлийн анхны уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад МАН-ын дарга Н.Учрал, АН-ын дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нар оролцжээ.
Зөвлөлийн анхны уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдон ажилдаа орох хүртэл улс орны тогтвортой байдлыг хангах, нийгэмд талцал, хуваагдал үүсгэхгүй байх, нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавих талаар санал нэгдсэн байна.
Мөн иргэд, улс орны өмнө тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн төслүүдийг 2026 ондоо багтаан хэлэлцэж батлах, улс төрийн нам, эвслийн удирдлагууд санал зөрөлдөөнөө яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхээр тохиролцжээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулж, сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд шударга явуулах зарчим болон цаашдын хамтын ажиллагааны хэлбэр, агуулгыг тохирч ажиллахаар болсон байна.
Энэ талаар УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.





