Европын комисс ОХУ-ын Украинд явуулж буй дайныг санхүүжүүлэх боломжийг хязгаарлах зорилгоор тус улсын эсрэг авах 22 дахь удаагийн хориг арга хэмжээний багцаа арваннэгдүгээр сарын 23-нд танилцуулжээ.
Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйенийн танилцуулсан уг багцад ОХУ-ын 60 орчим банкны гүйлгээг хориглож, олон улсын банк хоорондын SWIFT системээс салгах, криптовалют болон төлбөрийн сүлжээнд хяналт тавих арга хэмжээ багтсан байна. Мөн ОХУ-ын хоригийг тойрон гарахад тусалж буй гуравдагч орны байгууллагуудад чиглэсэн хязгаарлалт хийхээр төлөвлөжээ.
Эрчим хүчний салбарт Европын компаниудыг ОХУ-ын эрчим хүчний дэд бүтэц, тэр дундаа газрын тос боловсруулах үйлдвэрийг барих, ажиллуулах, засварлахад оролцуулахгүй байх санал гаргасан байна. Энэ удаа цахилгаан эрчим хүчний үйлчилгээ ч уг хоригт анх удаа багтаж байгаа аж. Түүнчлэн ОХУ-ын “сүүдрийн флот”-д хамаарах 70 гаруй хөлөг онгоцод хориг тавьж, ОХУ-д даатгуулсан танкеруудыг хориглох санал дэвшүүлжээ.
Үүнээс гадна ОХУ-ын баг, тамирчдыг Европын холбооны нутаг дэвсгэрт зохион байгуулагдах тэмцээнд ОХУ-ын төрийн далбаан дор оролцуулахгүй байх, албан ёсны төрийн бэлгэдлийг ашиглахыг хориглох санал багтсан байна.
Мөн Украинд болсон дайнд шууд оролцсон ОХУ-ын хуучин цэргийн алба хаагчдад Европын холбооны виз олгохгүй байх зохицуулалт санал болгожээ.
Европын комиссын танилцуулсан эдгээр арга хэмжээ одоогоор саналын шатанд байгаа бөгөөд хүчин төгөлдөр болохын тулд Европын холбооны 27 гишүүн орны нэгдсэн зөвшөөрөл шаардлагатай юм.
Эх сурвалж: Европын комисс,





