Өнөөдрийн зурхай
Ubfocus

“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА” ПЛАТФОРМД 1600 ГАРУЙ ИРГЭН ХАНДЖЭЭ

Sarantsetseg
Author
August 19, 2026
1 min read
84 views
“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА” ПЛАТФОРМД 1600 ГАРУЙ ИРГЭН ХАНДЖЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнгөрөгч баасан гарагт “Хотын дарга сонсож байна” платформыг нээжээ.

Энэхүү платформ нь иргэдийн санал, хүсэлт, гомдлыг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үр дүнг иргэдэд мэдээлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой юм.

Иргэд 150150 тусгай дугаарт үнэ төлбөргүй зурвас илгээхээс гадна mayor@ulaanbaatar.mn цахим шуудангаар санал, хүсэлт, гомдлоо хүргүүлэх боломжтой. Мөн иргэдийн илгээсэн асуудал хаана, хэнд хуваарилагдсан болон шийдвэрлэлтийн явцыг openulaanbaatar.mn цахим хуудсаар хянах боломжтой байна.

Хотын удирдлагын мэдээлснээр, иргэдээс ирсэн санал, хүсэлтийг салбар хариуцсан 22 албан тушаалтанд хуваарилж, хариуг ажлын тав хоногийн дотор өгөхөөр төлөвлөжээ.

Б.Пүрэвдагва энэ талаар,

“Иргэдийн илгээсэн санал, хүсэлтээр аль хэсэгт, ямар асуудал илүү байгааг тодорхойлж, цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд судалгаа болгон ашиглана”

гэжээ.

Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаагийн мэдээлснээр, 150150 тусгай дугаарт давхардсан тоогоор 4000 орчим зурвас иржээ.

Давхардсан хүсэлтүүдийг хасаж тооцоход 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол ирсэн бөгөөд үүний ойролцоогоор 50 хувь нь гомдол эзэлж байгаа аж.

Иргэд санал, гомдлоо илгээхдээ дүүрэг, хороо болон асуудал гарсан хаяг, байршлыг тодорхой бичих шаардлагатайг албаныхан онцолжээ. Ингэснээр тухайн асуудлыг холбогдох байгууллагад шуурхай хуваарилж, шийдвэрлэх хугацааг богиносгох боломжтой юм.


Related Stories