Өнөөдрийн зурхай
Ubfocus

НИЙСЛЭЛИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ 75 ХУВЬТАЙ БАЙНА

Sarantsetseg
Author
August 19, 2026
1 min read
74 views
НИЙСЛЭЛИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ 75 ХУВЬТАЙ БАЙНА

2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд нийт 131 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд энэ онд 52 төсөлд улсын комисс ажиллуулж, байнгын ашиглалтад хүлээн авахаар төлөвлөжээ.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр өнөөдрийн байдлаар 12 барилга байгууламжийг бүрэн ашиглалтад хүлээн авсан бөгөөд сургууль, цэцэрлэгийн их засварын 62 төсөл хэрэгжиж, ажлын гүйцэтгэл 75 хувьтай байгааг онцоллоо.

“Есдүгээр сарын 1-нээс өмнө засварын ажлуудыг бүрэн дуусгахаар ажиллаж байна” хэмээн Г.Жаргалсайхан мэдээлэв.

Мөн “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 41 хороонд түрээслэн ашиглаж болох байрны санал ирснээс 17 байрыг түрээслэн ашиглах боломжтой гэж үзжээ. Үүнээс гадна таван цэцэрлэгийг гэрт ойрхон сургууль болгон ашиглах боломжтой байгаа аж.

Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбоотойгоор сургуулийн автобусны чиглэлийг нэмэгдүүлэх, сурагчдын зорчих нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авах бөгөөд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн цахим бүртгэл үргэлжилж байна.

Ингэснээр шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэг болон түрээсийн байруудыг ашиглах замаар сургуулийн ачааллыг бууруулж, хүүхдүүдийг гэртээ ойр сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Related Stories