“Туулын хурдны зам” төслийн хүрээнд олгосон 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөртэй холбоотой эрүүгийн хэрэгт нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг яллагдагчаар татан шалгаж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал, уг хэрэгт Туулын хурдны замын төслийн тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны гишүүдийг хамруулан шалгаж байгаа аж. Тэднийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань Женерал Констракшн” ХХК-ийг тендерт шалгаруулах үйл явцтай холбоотойгоор шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Х.Нямбаатарыг тендерийн сонгон шалгаруулалтад нөлөөлж, гүйцэтгэгч компанид 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр олгохдоо хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Мөн төрөөс зарласан 20 орчим тендерт өөрийн хамаарал бүхий этгээдийн компаниудад давуу байдал олгосон байж болзошгүй асуудлыг шалгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Харин Х.Нямбаатарын байршлыг тогтоож, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлуулах асуудлаар Авлигатай тэмцэх газраас Интерполын Монгол дахь товчоонд хандсан байна. Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 26-нд түүнийг Интерполын “Хөх булант” мэдэгдлээр эрэн сурвалжлуулах хүсэлт хүргүүлжээ.
Х.Нямбаатар хилээр гарсан бөгөөд одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байгаа талаар мэдээлсэн. Түүнийг холбогдох хэрэгт шалгуулахаар дуудсан боловч тогтоолыг танилцуулах боломжгүй нөхцөл үүссэн тул байршлыг нь тогтоолгохоор олон улсын байгууллагад хандсан байна.
Ташрамд дурдахад, Х.Нямбаатар 2026 оны есдүгээр сарын 25-нд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан талаар АТГ мэдээлж байсан юм.





