1951 оноос эхлэлтэй, дэлхийн энх тайван, хүмүүнлэгийн үйлсийг эрхэмлэдэг “Miss World” буюу “Дэлхийн мисс” олон улсын гоо сайхны тэмцээний 73 дахь удаагийн шалгаруулалт Вьетнамын үзэсгэлэнт далайн боомт хот Ха Лонг-д үргэлжилж байна.
Тус тэмцээнд дэлхийн 110 гаруй орны оюун ухаан, авьяас чадвар, хүмүүнлэгийн үйлс, спорт, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөх бүсгүйчүүд оролцож буй бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн, Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Б.Энхтуул оролцож байна.
Энэ жилийн тэмцээний нээлтэд оролцогч бүсгүйчүүд Вьетнамын үндэсний хувцсыг өмсөн мэндчилсэн нь онцлог байжээ.

САЛМОНТОЙ ЖИМС, НОГООНЫ САЛАТААР ӨРСӨЛДЖЭЭ
Тэмцээний зургаа дахь өдөр оролцогчид далайн аялал хийж, зураг авалтад оролцсоноос гадна Ази, Номхон далайн бүсийн миссүүд гольфийн талбайд хамтарсан арга хэмжээнд оролцсон байна.
Мөн Chef Beauty Challenge-ийн хүрээнд эрүүл, өнгөлөг, тэнцвэртэй хооллолтыг илэрхийлсэн “Mixed Vegetable & Fruit Salad with Salmon” буюу салмонтой жимс, ногооны салат бэлтгэжээ.
Үүний дараа оролцогчид “Топ модель” шалгаруулалтад ур чадвар, имиж, тайзны алхаагаа сорьсон байна.

МОНГОЛЫН ӨВ СОЁЛЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛНА
Монгол Улсад “Дэлхийн мисс” тэмцээний албан ёсны лиценз эзэмшигч “Азиан Фючер” компани нь Монголын өв уламжлал, үндэсний хувцас, урлаг соёл, түүх дурсгалыг эх орноо төлөөлөн оролцож буй бүсгүйчүүдээр дамжуулан олон улсад сурталчлахын зэрэгцээ хүмүүнлэгийн үйлсийг дэмжин ажилладаг аж.
Тус компанийн захирал, мисс Д.Уянгалянхуа энэ онд хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулахын зэрэгцээ Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран Хөхний төвийг шинэчлэн засварлах хүмүүнлэгийн ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм байна.
75 жилийн ойтойгоо золгож буй “Miss World” тэмцээн ирэх сарын 5-нд өндөрлөж, дэлхийн хамгийн нэр хүндтэй гоо сайхны титмийн шинэ эзэн тодорно.





